ГЭРЭЭ ХЭЛЦЛИЙН ХУУЛЬ ЦААЗ

Арилжаа наймааны бүх гэрээ хэлцэл (худалдан авах, өгөх, арилжих гэх мэт) Ар Монголд ямарваа бичиг баримтгүй хийгддэг байв. Монголчуудын дунд түрээсийн харилцаа гэж байгаагүй бол гадаадынхны хувьд олон улсын гэрээ хэлцлийн дагуу зохицуулагдаж бичиг баримтаар үйлдэгддэг байжээ. Мөрий тавих, нийлүүлэлт хийх зэрэг хэлцлийг монголчууд үл хийнэ. Зээлийн гэрээг ихэвчлэн амаар байгуулдаг байсан бөгөөд зөвхөн хувьсгалын өмнөхөн үеэс л нэг бол гэрчийн дэргэд хийдэг, эсвэл гарын үсэг авдаг болсон байна. Зээлийн хүүгийн хувьд жилийн 36%-ийг хууль ёсны хэмжээ гэж үздэг байсан бөгөөд өр барагдуулах хугацаа яв цав нарийн тогтоодоггүй байжээ. Өрөө төлөөгүй тохиолдолд зээлдүүлэгч тамгын газарт хандаж, тамгын газар өөрөө төлөхийг зээлдэгчээс шаардах бөгөөд зөрүүдлээд байвал занчих арга хэрэглэнэ. Хэрэв энэ арга үр дүнд хүрэхгүй байвал тамгын газраас зээлдэгчийн өмч хөрөнгийг дансалж авах ба түүний өрийг ойрын төрөл садан нь, заримдаа бүхэн бүтэн багаараа хариуцана. Манжийн эрхшээлийн үед нийтээрээ хамаг юмыг хариуцдаг байсныг өөртөө засан тохинох эрхийг тунхагласны дараа хүчингүй болгосон байна. Өр зээлийн улмаас хувь хүн эрх чөлөөгөө хасуулсан тохиолдол байдаггүй. Харилцан бие биеэ хариуцан даах явдал, ялангуяа зээлийн гэрээ байгуулагдах тохиолдолд Монголд маш өргөн дэлгэрсэн байлаа. Батлан даагч нь батлан дааж байгаа хүнийхээ мөнгөний өр зээлийг өөрийнхөө өмч хөрөнгөөр хариуцдаг байв. Хувиараа зээлдэх, эд зүйлээ хадгалуулах тухай гэх мэт гэрээ хэлцлүүд цөм амаар хийгдэж заншлын хууль цаазын хэм хэмжээгээр зохицуулагддаг байсан болно.

Эх сурвалж: И.М.Майский, Монгол орон хувьсгалын босгон дээр (орч: Ч.Баатар), УБ., (2015 он) Монсудар хэвлэл, 236-237 дах тал