ЭРХ ЗҮЙН ФИЛОСОФИЙН НҮДЭЭР ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙН МАРГААН

ЭРХ ЗҮЙН ФИЛОСОФИЙН НҮДЭЭР ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙН МАРГААН

   Өнгөрсөн хоёр он дамжин хуульчдын төдийгүй нийгмийн анхаарлыг татсан маргаан бол Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголын хувийн хэвшил Оросын талаас худалдаж авсан, худалдаж авсан хувийг нь УИХ-аас энэ оны 2-р сарын 10-нд 23-р тогтоолоор төрд авч, улсын бүртгэл дээр шууд нэрийг нь шилжүүлсэн маргаан. Энэ маргаан эцэслэгдэж Улсын дээд шүүхээс шийдвэр гарчээ.

 

Шийдвэр нь: “Монгол Оросын хамтарсан Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Оросын тал эзэмшиж байсан 49 хувийг худалдан авсан Монголиан коппер корпорейшн компанийн эрхийг төр хууль бусаар зөрчиж, хууль ёсоор эзэмших эрхэнд халдсан байна” гэв. Шийдвэр ингэж гарахыг ихэнх хуульч мэдэж байсан.

   Энэ асуудал Монголын бүх хуульчид, эдийн засагч, улс төрчдөд нийгмийн асуудлаа мэргэжлээсээ давж харах хараа өглөө. Яагаад сүүлийн хэдэн жил эдийн засаг, хүний эрхийн чиглэлийн нобелийн шагналыг эдийн засагчид, хуульчид биш сэтгэл зүйчид аваад байнаа. Учир нь сэтгэл зүйчид хүн өөрийн нүдээр үзсэндээ үнэмших алдаа, өөрийн мэддэгээ үнэн гэх төөрөгдөл нь эдийн засаг, хүний эрхийг хамгийн ихээр доройтуулдаг гэдгийг баталсан болохоор тэр.

Монголын хуульчид хуулиас давж сэтгэхгүй, эдийн засагчид эдийн засгийн өсөлтөөс өөр юм бодохгүй, улс төрчид сонгуулиас өөр алсын хараагүй байдал нь системийн хямралд хүргэдэг гэдгийг дээрх эрдэмтэд баталснаар Нобелийн шагнал аваад байна. Монголд тусдаа систем гэж байхгүй бүхэл систем түүнд багтах дэд систем л гэж байна. Хуулийг улс төрөөс, улс төрийг эдийн засгаас, эдийн засгийг хуулиас тусад нь ойлгоно гэдэг дэд системүүдийг бүхлээс салгаж буй төөрөгдөл. Жишээ нь машины 4-н дугуйг тусад нь нэрлэж, тусд нь үүрэг өгч, тусад нь тайлбарлахтай ижил. Ингэснээр машин хөдлөхөд бүх дугуй 4-н өөр зүгтээ зүтгэж машин салан унана. Энэ гурав нэгдэж Монгол улсын Үндсэн хуулийн зорилгыг хангана. Үндсэн хууль бол бүхэллэг систем.

   Дэлхийн аль ч оронд очсон Үндсэн хуулийн зорилго бол life-liberty-property буюу амьд явах, эрх чөлөөтэй байх, өмчтэй байх эрхийг хамгаалахын тулд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн гурван эрх мэдлийг салгах тухай. Яагаад хүнийг өмчтэй байлгах, тэр өмчийг нь хуулиар хамаагаалах гэж төрийн эрх мэдлийг хуваарилж хараат бус, бие даасан хүчирхэг шүүхтэй байхыг ингэж их хүсэмжилнэ вэ. Учир нь уг эрхийг хамгаалах үүрэгтэй төр хамгаалах биш зөрчиж чадах хамгийн том дайсан болохоор. Шалтгаан нь учиртай. Хувь хүн хууль зөрчиж бусдын эрхэнд халдлаа гэхэд тэр нь хууль бус гэдэг нь нотлогддог, мөн шийтгэгддэг. Гэтэл төр өөрөө хууль өөрчилж, эсвэл хууль буруу тайлбарлах замаар эрх мэдэлдээ дулдуйдан ард түмний нэр барьж, нийтийн эрх ашгаар бамбай хийж дур зоргоор авирлах хүчин чадалтай болохоор түүнийг хянах хүчирхэг шүүх байхаас аргагүй.

Үүний эсрэг шүүхийн системээс өөр зогсох хүч нэгээхэн ч үгүй болохоор шүүхийг хамгаална гэдэг угтаа нийгмээ тэр чигт нь хамгаалж байгаа хэлбэр. Учир нь улс төрчид системийн зарчим барихаас илүү олон нийтээс оноо авч, иргэдийн ядуу амьдралд хэн нэгнийг буруутгах, өөрөөсөө өөр дайсан олох бохир аргыг хэрэглэдэг мянга мянган жилийн туршлагатай тул хүн төрөлхтөн хатуу түүхээрээ гагцхүү шүүхэд итгэх эцсийн зогсоолыг сонгожээ.

   Эрх зүйн энэхүү язгуур эрх ашгийг хөндсөн үйл явдал бол Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асуудал. Үүнийг хуурай хуулийн хэллэг биш эрх зүйн фундментал философи талаас тайлбарлавал зүйн хэрэг. Бусдын эрхээр миний эрх хязгаарлагдана, миний эрхээр төрийн эрх хязгаарлагдана. Төр, иргэн, компани гурав нэг нь нөгөөгийнхөө эрхээр дур зорог нь хязгаарлагдана. Гэтэл Эрдэнэтийн 49 хувийн маргаан дээр төр шууд л 23-р тогтоол гаргаад Эрдэнэтийн 49 хувийг өөртөө шилжүүлээд авсан нь дээрх зарчмаа зөрчсөн үйлдэл. Хуульчдын хамгийн гол эгдүүцэж байгаа зүйл бол энэ.

Хуулийн өмнө компани төр хоёр адилхан эрхтэй мөртлөө нэгнээ дээрэмдэх. Хэрэв төр өөрийгөө хохирогч гэж үзэж байгаа бол энэ маргаанаа өөрөө шийдэх биш шүүхэд гомдлоо гаргаж, асуудлаа шүүхээр шийдвэрлүүлэх ёстой. Энэ бол алтан зарчим. Тэгвэл Монголиан коппер корпорейшн төрийн аль нэг яамыг Улсын бүртгэлийн газар очоод өөрийнхөө нэр дээр шилжүүлээд авалдаа. Ингээд дайраад байвал ёстой эх захаа алдсан хэрэг болно биз.

   Бид хуулийг дотоод бүтэц, бүтцээс улбаалсан зорилго гэж хоёр хэсэгт хуваан үзэх хэрэгтэй. Хуулийн дотоод бүтэц нь дээр дурдсан язгуур эрхүүдийг хангах эрх чөлөө, шударга ёс, тэгш эрх гэсэн тулгын гурван чулуун дээр суурилсан. Харин эндээс урган гарах зорилго нь Монгол улс чинээлэг, чадварлаг иргэдтэй, тэгш бус байдлаас ангижирсан дэлхийн тэргүүлэх гүрэн болгон хөгжүүлэх зорилго. Тиймээс Монгол орныг хөгжүүлэх нь хууль, эдийн засаг, улс төр гурвын нийлсэн зорилго. Хөгждөггүй ядуу оронд мөнгөний бодлого, ёс зүй, сонгууль мянга байгаад амьдралд хэрэгжих боломжгүй. Харин хөгжил гэдэг өөрөө эдийн засаг, хууль, улс төрийг өөртөө багтаасан соёлын философи ойлголт.

Гавьяат хуульч Бяраагийн Чимид агсаны Өнөөгийн Улс Төр Хуулчийн Нүдээр хэмээх бүтээл байдаг. Тэр хүний харсан шиг өнөөгийн хуульчид бид хуулийг бичмэл зүйл заалт хэлбэрээр биш эрх зүйн философи талаас нь тунгаан бодож, хууль эдийн засаг хоёр нэг зоосны хоёр тал нэгийг нь нөгөөгүйгээр ярих нь эцэстээ ямарч үр дүнгүй гэдгийг ухамсарлах ёстой.

   Тиймээс хууль, эдийн засаг хоёрын язгуур зарчим нэг байх учиртай. Хуулийн язгуур зарчим иргэний хууль, эрүүгийн хууль, захиргааны хууль биш. Харин эдгээр нь хуулийн язгуур зарчмын илрэн гарсан биет үр төл. Хуулийн язгуур зарчим бол ёс зүй дээр суурилсан нийгмийн харилцааг оршоох. Уг харилцаа нь хөгжлийг авчрах нийтийн соёл болох жамтай. Хэрэв соёл болж чадвал Үндсэн хууль ч өөрөө хэрэггүй зүйл болж хувирна.

Харин эдийн засгийн зорилго бол эдийн засгийн хөгжил. Эдийн засгийн хөгжил гагцхүү өрсөлдөөн дээр л бий болно. Өрсөлдөөн хувийн хэвшлээс л урган гарна. Энэ зарчмыг Коммунист Хятад ч мэддэг болохоор 1978 оноос хойш хувийг өмчийг хамгаалсан 4 багц хууль гаргаж 2008 оноос хойших иймэрхүү маргаанд төр ялагдсан ч огт гомдлохоо больжээ.

   1990 онд Монгол орон улс төрийн хувьсгалаа бүрэн хийснээс болж улс төр хөгжөөд, эдийн засгийн хувьсгалаа дутуу хийснээс болж эдийн засаг дутуу хөгжөөд байгаа. Угтаа бол Монголын дийлэнх баялаг яг социализмын үе шигээ төрд байгаа.

Цахилгаан станц, төмөр зам, орд газрууд, боловсрол, эрүүл мэнд. Иргэдэд хамгийн их хөдөлмөр шаардаж, хамгийн бага ашиг олддог үйлчилгээний салбар, мал хоёр л ирсэн. Өнөөдөр Монголын үйлчилгээний салбар ДНБ-ний 30 хувийг дангаараа хангаж байна. Хуучин Улаанбаатар, Туул гэж хоёрхон ресторантай байсан бол зөвхөн Улаанбаатарт мянгаас хол давсан ресторан байна. 400 нэр төрөл хүрэхгүй бараатай 100 ширхэг дэлгүүр байсан бол дундаж супермаркет өнөөдөр 40 мянган нэр төрлийн бараа бүтээгдэхүүн худалдаалж байна.

   Шуудан харилцаа холбоо гэж айл дамжиж нэгнээ дуудаж ярьдаг цөөхөн хэдэн утастай, захидлаар нэгэнтэйгээ харилцдаг газар байсан бол дөрвөн том үүрэн холбооны оператор компанийн 3 сая 400 мянган гар утасны дугаар хором бүрт ажиллаж байна. Социализмын 70 жил Монгол орны малыг 40 саяд хүргэж, Монгол хүнийг жилийн 80кг мах идүүлэх зорилготой төсөл төрөөс хэрэгжиж Зөвлөлтөөс 11 тэрбум долларын өр тавьж 70 хувийг нь хөдөө аж ахуйд өгөөд өгөөд ердөө 20 сая малтай 1990 онтой золгосон бол өнөөдөр Монгол  улс 70 сая малтай болжээ.

Ингэж 1990 онд төр иргэдэд өгсөн үйлчилгээний салбар, мал хоёр хэдэн мянга дахин өсөж үр дүн гаргаж байхад төрд одоо болтол байгаад байгаа Эрдэнэт үйлдвэр, төмөр зам, цахилгаан станцууд, боловсролын салбар, эрүүл мэндийн салбар хэдэн мянга дахин юмаа гэхэд хэдэн 10 дахин сайжирч хөгжиж чадсан уу.

   Нэгэнт ингэж хөгжөөгүй бол хөгжлийн зөв философи руу хандах хандлагаа чиглүүлж жинхэнэ утгаараа Зах зээлийн зарчимд шилжих алхамыг хийхэд хуульчид бидний үүрэг, мэргэжлээсээ давж сэтгэх, мэргэжлийнхээ язгуур философийг ухамсарлан ойлгох хэрэгтэй юм.

Өнөөдрийн 4-р цахилгаан станц гэхэд 100 сая долларын үнэлгээтэй. Гэтэл өнгөрсөн 27 жилийн турш төрд байхдаа урсгал завсар гэж 1 тэрбум давсан доллар залгисан байх юм. Энэ юу гэсэн үг вэ? Дахиад өчнөөн 4-р цахилгаан станц барих мөнгийг зөвхөн засвартаа авсан байна. 50 хувийг нь дарга нар завшсан, 50 хувийг нь өөртөө ашиггүй үр шимгүй техникээр зассан болсон. Хэрэв сайн зүйлээр зассан бол ингэж өртөг нь дэндэхгүй. 

   4-р цахилгаан станцын хажууд Эрдэнэт үйлдвэр бол дээрэмдүүлсэн тосгон гэсэн үг. Энд Нямдорж гишүүний хүүхэд Эрдэнэт үйлдвэрт бараа шахсан тухай ярих шаардлагагүй. Угаасаа үйлдвэр нь улсад байгаа бол ганц Хууль зүйн яамны сайд Нямдоржийн хүү ч биш бүх л сайдын хүүхдүүд шахаа хийхээр зорих нь мэдээжийн асуудал. Гэтэл тэр үйлдвэр чинь өөрөө алдагдалгүй ажиллаад, дараа нь улсад татвараа өгөөд, ажилчиддаа үр өгөөжтэй байх ёстой. Түүнчлэн шинэ техник технологийг нэвтрүүлж, энэ туршлагаараа Монголын уул уурхайд жишиг болох учиртай. 

Тиймээс Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төр дээрэмдсэн үйлдлийг УДШ шийдсэн нь шударга ёсыг тогтоосон хэлбэр.

Одоо тэгээд яах вэ Эдийн засагчдаа. Бүгд Эрдэнэт үйлдвэрийг олон улсын жишигтэй том үйлдвэр гэж боддог. Угтаа нийт гаргаж байгаа бүтээгдэхүүний 85 хувь нь шороотой баяжмал гаргаж олон улсад худалдаалдаг хоцрогдсон үйлдвэр. Эрдэнэт үйлдвэр шинэчлэгдээгүй 27 жилийн уршгаар Монголд зэс боловсруулах үйлдвэр баригдах ямар ч мэдлэг чадвар хуримтлагдсангүй.

   Уул уурхайн бүх бараа бүтээгдэхүүн 100 хувь түүхийгээрээ. Яагаад Баттулга Ерөнхийлөгчийн Сайншандын аж үйлдвэрийн парк баригдаж чадахгүй байнаа. Барих хүсэл байв ч техник технологи, мэдлэг чадвар, менежментийн хуримтлал Монголд юу ч байхгүй. Харин хуурамч шахаа, хулгайн мөнгө идэх технологи л Эрдэнэт үйлдвэрийн 27 жилийн улсад байсан засаглалаас үлдсэн өв гэлтэй.

Одоо тэгээд яах вэ хуульчдаа. Шүүх маань шударга бус шийдвэр гаргаж, ядуу ард түмэнд Эрдэнэт үйлдвэрийг авсан Монголын төр гээд худлаа шударга ёс ярих уу. Шүүхэд найдаж, итгэж, хүлцэхгүй юм бол түүний дараа дарангуйлал ноёрхоно. Хамгийн гол нь Монголын УИХ гэдэг байгууллага хэн дуртайгийнхаа хөрөнгийг өмнөх социалист эрх зүйн тогтолцоо шиг дураараа булаах үйлдэл хийх сэдэл суулаа. Суух нь буруу биш харин түүнийг шүүх таслан зогсоож байж төрийн эрх мэдэл хуваарилах онолын язгуур зарчим check and balance буюу харилцан хяналт, харилцан тэнцвэржилт төлөвшинө. Ингэснээр ямар ч дарга, ямар ч намын эрх мэдэл хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийг гартаа атгаад дур зоргоор авирлавал Үндсэн хуулиа хамгаалах Шүүх эрх мэдэл байдаг гэдгийг энэ кэйс харууллаа.

   Одоо тэгээд яах вэ улстөрчидөө. Богино хугацааны хэл амыг үл тоон бүтээхээр зориг шулуудсан Ардчилсан тогтолцоо, чөлөөт эдийн засгаа хамгаалах бус хаширлах, хойрогших хоёртоо боорлуулсаар сонгогдсон 4-н жилээ дуусгах уу. Ийм улс төрчдийг улс төрийн амьтан гэдэг юм. Харин үзэл бодлынхоо төлөө дуугарч чаддаг улс төрчдийг “States Man” гэдэг. Монгол компанийг өмөөрөхөөр баячуудын талд орсон гэж өрсөлдөгчдөө шүүмжлүүлэхээс айх гудайлт чинь чамайг улс төрийн улам богино настай болгож байгааг мэдэж байна уу. Угтаа хувиараа бизнес хийх, компанитай хүн сар бүр тавих ажилчдын цалин, даатгал, татвар, өр зээл гэж явсаар тансаглах сэхээ байдаггүй. Харин жинхэнэ төрд наалдсан хувалзнууд тамганы хүчээр авилгалын мөнгө олж, амар олсон мөнгөөрөө казино тоглож, бусдын зовж босгосон барилгад дарамт шахалтаар түрээсгүй сууж, үнэнд гүйцэгдсэн царайгаа эх оронч дүрийн цаана нуудаг юм.

Монгол улсын Дээд шүүхэд Эрдэнэттэй ямар ч хамаагүй эгэл хуульч би бээр талархал илэрхийлье. 

Хуульч Л.Амарсанаа

Эх сурвалж: http://ikon.mn/n/16nb