ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИУДЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ

Улсын Их хурлын гишүүн Д.Дамба-Очир 2017 оны 1 сарын 04-ний өдөр Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболдод “Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийг өргөн мэдүүллээ.

            1. Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцад хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог нэмж оруулахаар тусгажээ.

            Харин хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд товлосон хугацааанд хамрагдаагүй даатгуулагчийн дараагийн эрт үзлэг, шинжилгээний болон нарийн оношилгооны зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхгүй байхаар хуулийн төсөлд тус тус заажээ.  

            2. Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Монгол Улсын иргэнийг элэг, ходоод, улаан хоолой, умайн хүзүү, хөхний, уушиг, бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах зохицуулалт бүхий шинэ зүйлийг хуульд нэмж оруулахаар тусгасан байна. Үүнд:

·         40 түүнээс дээш насны, элэгний В,С мирус тээгч, элэгний архаг үрэвсэл, хатууралтай иргэнийй ЭХО, хавдрын маркер, биохимийн шинжилгээнд жилд 1-2 удаа;

·         40 түүнээс дээш насны иргэнийг ходоод, улаан хоолойн хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд 1 удаа;

·         30-60 насны эмэгтэйг умайн хүзүү, хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд 3 жилд 1 удаа;

·         50, түүнээс дээш насны иргэний уушигний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд 1 удаа, бүдүү, шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хоёр жилд 1 удаа байхаар тус тус зохицуулжээ.

Түүнчлэн хуулийн төсөлд хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд иргэн бүрийг хуульд заасны дагуу хамруулах үүргийг Эрүүл мэндийн байгууллагад, үзлэг шинжилгээ, оношилгооны зардлыг Эрүүл мэндийн даатгалын сан хариуцахаар тусгасан байна.

 

Эх сурвалж: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс