СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХАД ИДЭВХ, САНААЧИЛГАТАЙ ОРОЛЦСОН ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫГ УРАМШУУЛНА
Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны 343 дугаар тогтоолоор соёлын өвийг хамгаалахад идэвх, санаачилгатай оролцсон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах журмыг шинэчлэн баталлаа.
Уг журмын дагуу соёлын өвийг хадгалж хамгаалах, олон нийтэд сурталчлах, устах аюулаас урьдчилан сэргийлэх, сэргээн засварлах, сан хөмрөгийг баяжуулахад оролцсон иргэн, хуулийн этгээдийн үзүүлсэн дэмжлэг туслалцаа, идэвх санаачилгыг урамшуулан алдаршуулах юм. Урамшууллыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 9.2, 48.2-т заасан харьяалах мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн жилд 1-2 удаа олгоно.
Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулахдаа мөнгөн шагналаар шагнаж, “Талархал”-ын бичиг гардуулна. Мөнгөн шагнал нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байна.
Сум, дүүргийн Засаг дарга иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урамшуулал олгуулах саналыг аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлнэ. Аймаг, нийслэлийн Засаг дарга судлан үзэж, саналаа соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урамшуулал олгох ажлыг зохион байгуулна. Төрийн бусад байгууллага соёлын өвийг хамгаалахад идэвх санаачилгатай оролцсон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад өөрийн бүрэн эрхийн хүрээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 дахин нэмэгдүүлснээс илүүгүй хэмжээтэй урамшуулал олгож болно гэж журамд заажээ.