ҮЙЛДВЭРЖИЛТ 21:100 ХӨТӨЛБӨРИЙГ БАТАЛЛАА

Засгийн газрын ээлжит хуралдаан 2018-01-31-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргасан байна. 

НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлнэ

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу буцаан олголтын урамшууллын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдлээ. Энэ удаа 654 мянга гаруй иргэн 78 тэрбум гаруй төгрөг буцаан авах  юм байна. Цаашид энэ мөнгийг татвар төлөгчдөд улиралд нэг удаа олгож байхаар боллоо.  

Үйлдвэржилт 21:100 хөтөлбөрийг баталлаа

Засгийн газрын хуралдаанаар “Үйлдвэржилт 21:100” хөтөлбөр, энэ хүрээнд байгуулах үйлдвэрийн байршил, чиглэлийг баталлаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг Хөрөнгө оруулалтын хөтөлбөр, жил бүрийн Үндсэн чиглэлд тусгаж, гадаадын зээл, тусламжаар санхүүжүүлэх юм байна. 

Хөтөлбөр нь орон нутгийн онцлог, нөөцөд суурилан дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж, нэмүү өртөг шингэсэн, олон улсын чанар, стандартын шаардлага хангасан, өрсөлдөх чадвартай, эрэлт хэрэгцээнд нийцсэн, ажлын байр, гадаад, дотоод худалдааны эргэлт, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх зорилготой.

Хөтөлбөр уул уурхайн олборлох, баяжуулах үйлдвэрлэлээс бусад салбарыг хамрах бөгөөд эхний шатыг 2018-2019, хоёрдугаар шатыг 2019-2020 онд хэрэгжүүлэх юм.

Сургууль, цэцэрлэгүүдийг нэг ижил загвараар барьдаг болно

Адилхан хүчин чадалтай сургууль, цэцэрлэг, дотуур байр, соёлын төв, эрүүл мэндийн төвийн барилгыг нэг ижил маягийн зургаар барихыг Төсвийн бүх ерөнхийлөн захирагчид Засгийн газрын хуралдаанаас үүрэг болгов.

Энэ нь ижил хүчин чадалтай нэг сургуулийн барилга барихад шаардагдах хөрөнгө аймаг бүрт харилцан адилгүй, хэт зөрүүтэй байдаг зохисгүй байдлыг халах зорилготой.

Энэ онд төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр хэрэгжүүлэх 636 төслийн 275 нь боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт, 50 нь эрүүл мэнд, үлдсэн нь дэд бүтэц болон бусад салбарт байна.

Импортын автомашины бүртгэлийг зөвхөн “Авто худалдааны цогцолбор”-т хийнэ

“Авто худалдааны цогцолбор”-ын өнөөгийн байдлын талаархи мэдээлэлтэй танилцаад импортын автомашины бүртгэлийг зөвхөн энэ цогцолбор дахь Автотээврийн үндэсний төвийн салбарт хийж байхыг салбарын яаманд даалгав.

Авто машин, сэлбэг хэрэгсэл, бусад барааг ачих, буулгах, шилжүүлэн ачих, хадгалах, тээвэрлэх гаалийн хяналтын бүсийг хрёрдугаар улиралд багтаан “Авто худалдааны цогцолбор”-т ажиллуулж эхлэхээр боллоо.

“Авто худалдааны цогцолбор”-т 71 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 400 гаруй иргэн, аж ахуйн нэгж газар худалдан авч, эсвэл талбай түрээслэж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

 

 

Эх сурвалж: itoim.mn