НИЙСЛЭЛИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль анх 1994 оны долоодугаар сарын 5-ны өдөр батлагдсан. Өнөөгийн байдлаар нийслэл хот, түүний удирдлагад эрх, үүрэг болгон хэм хэмжээ тогтоосон 120 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаагаас өдөр тутмын үйл ажиллагааг 20 гаруй хуулиар зохицуулж байна.
Гэвч нийслэл хотын хүн ам, нийгэм, эдийн засгийн энэ хурдтай тэлэлт нь Улаанбаатар хотын хот байгуулалт, төлөвлөлт, байгаль орчин, экологийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, төлөвлөлтгүй суурьшил бий болох, гэмт хэрэг, зөрчил ихсэх, замын хөдөлгөөнд хэт түгжрэл үүсэх, хүн амын эрүүл мэнд, нийгмийн халамж, үйлчилгээний салбар доголдох зэргээр эдийн засаг, нийгмийн бүх талын харилцаанд хүндрэл учруулах болсон тул цаашид төрөөс оновчтой бодлого боловсруулж, хэрэгжүүлэх шаардлага тулгараад байсан. Тэгвэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ажлаа авсан даруйдаа Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчлэн найруулах ажилд анхаарлаа хандуулан, төслийг боловсруулж Монгол Улсын Их хуралд өргөн барьсан.
Өнөөдөр буюу 2018 оны 2 сарын 6-ны өдөр Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын талаар хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Эх сурвалж: ikon.mn