ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ОРЛОГО
Монгол Улсын иргэн хуулиар ногдуулсан албан татвар төлөх үндсэн үүрэгтэй.[1] Мөн татварын хууль тогтоомжид заасны дагуу татвараас чөлөөлөгдөх эрхтэй[2] болно.
Хувь хүнийг дараах орлогын албан татвараас чөлөөлнө.[3] Үүнд:
- Хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөх олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламж;
- Донорын олговор;
- Албан томилолтын зардал;
- Даатгалын нөхөн төлбөр;
- Засгийн газар, аймаг, нийслэлийн засаг даргын болон монгол улсын хөгжлийн банкны өрийн бичиг /бонд/-ийн төлбөр, хүү, анз;
- Хууль тогтоомжийн дагуу олгож байгаа хөдөлмөр хамгааллын болон дүрэмт хувцас, хор саармагжуулах ундааны үнэ, тэдгээртэй адилтгах бусад хангамжийн үнэ;
- Гамшгийн үед олон улсын байгууллага, гадаад улсын засгийн газар, хуулийн этгээд, иргэнээс монгол улсын засгийн газар болон орон нутгийн байгууллага, хуулийн этгээд, иргэдэд үзүүлж байгаа тусламж;
- Монгол улсад суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, нэгдсэн үндэстний байгууллага, түүний төрөлжсөн салбарт томилогдон ажиллаж байгаа гадаадын иргэн, түүний гэр бүлийн гишүүдийн цалин, нэмэгдэл;
- Монгол улсад суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, нэгдсэн үндэстний байгууллага, түүний төрөлжсөн салбарт томилогдон ажиллаж байгаа гадаадын иргэн, түүний гэр бүлийн гишүүдийн гадаад улсад олсон орлого;
- Хөгжлийн бэрхшээлийн улмаас хөдөлмөрийн чадвараа 50-иас дээш хувиар алдсан хувь хүний орлого;
- Монгол улсын төрийн шагнал, засгийн газрын шагнал, монгол улсын ардын болон гавьяат цолтны шагнал, шинжлэх ухааны нээлтийн шагнал;
- Хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлого;
- Малчин өрх, мал бүхий этгээдийн зөвхөн малын тоо толгойд ногдох орлого;
- Монгол улсын нутаг дэвсгэрт жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэх, үйлдвэрлэн борлуулах үйл ажиллагаанаас олсон орлого;
- Албан татвар төлөгчийн өөрийн хэрэгцээнд зориулан худалдан авсан нар, салхи, газрын гүний дулааны болон бусад сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, нүүрснээс хагас коксон түлш, хийн болон шингэн түлш гарган авах тоног төхөөрөмж, стандартад нийцсэн зуух, нам даралтын зуух, дулаалгын материал, цахилгаан болон хийн халаагуур худалдан авсан баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээтэй тэнцэх орлого;
- Соёлын өвийг хамгаалах, сэргээн засварлахад зориулж өгсөн хандив;
- Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллаас орсон орлого;
- Гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүний хооронд газар ашиглах, эзэмших эрхийн гэрчилгээгээ үнэ төлбөргүйгээр шилжүүлэх замаар олсон газар эзэмших, ашиглах эрхийн орлого орно.
[1] Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1-ийн 3 дэх заалт
[2] Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дэх заалт
[3] Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг