ШҮҮХИЙН БАЙГУУЛЛАГУУД ХЭЛ ЯРИА, ХАРААНЫ БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР ТББ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЖЭЭ
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Тамгын газар “Дохионы хэлний хэлмэрч, орчуулагчдын холбоо” төрийн бус байгууллагатай 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Тус гэрээнд сонсголгүй, хэл ярианы бэрхшээлтэй иргэдийг шүүхэд мэдүүлэх эрх, боломжоор хангах, тэдэнд шүүхийн үйлчилгээг хүргэх, сурталчлах ажлын хүрээнд байгуулсан байна.
“Дохионы хэлний хэлмэрч, орчуулагчдын холбоо” төрийн бус байгууллага нь 2011 онд байгуулагдсан бөгөөд Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамны батламжтай, Монгол Улсын хэмжээнд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ганц байгууллага юм. 2017 онд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд давхардсан тоогоор 13, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд давхардсан тоогоор 3 удаа орчуулагч, хэлмэрчийн үйлчилгээ үзүүлжээ.
Иймд уг хэрэгцээ шаардлагыг үндэслэн, цаашид талууд гэрээний хүрээнд хэл яриа, харааны бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах холбогдох хуулиудын хэрэгжилтийг хангах, тэдэнд шүүхийн үйлчилгээг хүргэх сургалт, уулзалт зохион байгуулах, сурталчилгаа явуулах, шүүхэд мэдүүлэх эрхийг нь хангахад чиглэсэн олон үйл ажиллагаанд хамтран ажиллахаар болжээ.
Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн олон нийттэй харилцах хэлтэс