ШИНЭ БҮТЭЭЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО
Хууль зүйн үндэсний хүрээлэн 2017 оноос эхлэн хууль зүйн салбарт шинээр хэвлэгдсэн бүтээлийг танилцуулах, хууль зүйн салбарынханд болон иргэд, олон нийтэд хүргэх, мэдээлэх, бүтээлийг шинжлэх ухааны судалгааны болоод практикт эргэлтэд оруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор шинэ бүтээлийн танилцуулга арга хэмжээг зохион байгуулдаг байна. Энэ удаа МУИС-ийн Хууль зүйн сургуулийн, нийтийн эрх зүйн тэнхимийн багш, хууль зүйн доктор, профессор Б.Баярсайханы “Монгол Улсын Үндсэн хуульт ёсны уламжлал” шинэ бүтээлийн нээлт боллоо. Тус бүтээлийн редактороор доктор, профессор Ч.Даваадаш ажиллажээ.
“Монгол Улсын Үндсэн хуульт ёсны уламжлал” бүтээл нь Монгол Улсын үе үеийн Үндсэн хууль тэдгээрийн өөрчлөлт, улс төрийн нөхцөл байдал зэргийг хөндөн судалснаараа илүү онцлогтой болсон бөгөөд 1992 оны шинэ ардчилсан Үндсэн хуулийн шинэчлэл, өөрчлөлтийн талаар ч дурджээ.
Уг номын нээлтэд номын зохиогч доктор, профессор Б.Баярсайханы гэр бүл, хамтран зүтгэгчид, багш, үе үеийн шавь нар, хуульч судлаач, оюутнууд оролцсон байна.
Эх сурвалж: http://www.legalinstitute.mn/