БАЯЖУУЛСАН ХҮНСНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ҮЙЛДВЭРЛЭГЧДЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ.
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2018 оны 3 сарын 14-ний өдөр Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн талаар үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан байна.
Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүд Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн талаар танилцуулахдаа, манай улсын иргэдийн хүнсээр авч буй шаардлагатай эрдэс, амин дэмийн хэрэглээ хоногийн тундаа хүрэхгүй байгаа, тухайлбал хүн амын 7.4 хувь нь иодын, 21.4 хувь нь төмрийн, 32.4 хувь нь витамин А-гийн, 42.4 хувь нь витамин Д-ийн дутагдалтай байгааг онцлов.
Мөн салбарын судлаачид зарим судалгааны үр дүнгээсээ танилцуулсан юм. Судлаачид цаашид хүнсийг баяжуулж хэрэглэх зайлшгүй шаардлага байгааг дэмжихийн зэрэгцээ энэ нь дэлхий дахинд төдийгүй Монголд шинэ зүйл биш болохыг тэмдэглэв. Манай улсын хувьд 1990-ээд оны эхэн үеэс давсыг иоджуулж хэрэглэснээр хүн амын дунд 30 хувьд хүрээд байсан бамбай, бахлуурын өвчлөлийг бууруулж, өнөөдөр 7,8 хувьд хүргэсэн байдаг. Түүнчлэн судлаач Г.Эрдэнэжаргал өнөөдөр 14 орон сүүг, 85 орон гурилыг, 27 орон ургамлын тосыг, 130 орон давсыг баяжуулан хэрэглэж байгааг дурдав.
Үйлдвэрлэгчдийн хувьд хуулийг гаргахаасаа өмнө нэг талаас үйлдвэрлэлийн арга технологи, хяналтын асуудлыг сайтар судалж, олон улсын лаборатори бий болгох, нөгөө талаас салбар тус бүрийн онцлог, түүхий эдийн нөөц, өрсөлдөөн, импортын нөхцөл байдлыг харгалзаж, хувийн салбарын өсөлтийг боомилохгүйгээр зохицуулалт хийх нь чухал гэсэн санаануудыг дэвшүүллээ.
Эх сурвалж: http://parliament.mn/n/3p8o