ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛИАС

Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлд “Гэр бүлийн хүчирхийллийн хэлбэр”-ийн талаар зохицуулжээ. Тус зүйлд  зааснаар дараахь үйлдлийг гэр бүлийн хүчирхийллийн хэлбэр гэж үзнэ. Үүнд:

1.      бие махбодын хүчирхийлэл;

2.   сэтгэл санааны хүчирхийлэл;

3.   эдийн засгийн хүчирхийлэл;

4.   бэлгийн хүчирхийлэл.

“Гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3[1] дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд  дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.  

Харин гэр бүлийн хүчирхийллийн хохирогч гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг ойлгохоор хуульд заасан байна.

“Бие махбодийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг,

“Сэтгэл санааны хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгих, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэснийг,

               “Эдийн засгийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах орлого, хуваарьт болон дундын эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах, орлого олох боломжийг нь хязгаарлах, шаардлагатай хэрэгцээг нь хясан боогдуулах, тэжээн тэтгэхээс зайлсхийх болон бусад хэлбэрээр эдийн засгийн хараат байдалд оруулсан, эсхүл эд хөрөнгийн хохирол учруулсныг,

            “Бэлгийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүнийг бэлгийн шинжтэй аливаа үйлдэлд албадахыг тус тус ойлгоно гэж хуульд заасан байна.

Хуулийн 6 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийллийн хэлбэрийг нөхцөл байдлын үнэлгээ хийх, хохирогчид үйлчилгээ үзүүлэхэд харгалзан үзнэ.



[1] 3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэлд хамаарах этгээд

3.1.Энэ хуулийн үйлчлэлд дараахь этгээд хамаарна:

3.1.1.эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд;

3.1.2.тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү.

3.2.Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна.