“PHISHING” БУЮУ ЦАХИМ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сүүлийн үед техник технологи, кибер ертөнцийн хурдтай хөгжлийг дагаад хуурамч хаягаар цахим харилцаа тогтоох, мэдээлэл солилцох, видео чат хийх зэргээр иргэдийн хувийн мэдээллийг цуглуулах, мэдээллийг хууль бус үйл ажиллагаанд ашиглах, түүнчлэн онлайн худалдааны үйл ажиллагаа явуулах нэрээр иргэдийг залилах тохиолдолдууд  нэмэгдэж байна.  

Энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийн тулд та бүхэн өөрийн хувийн мэдээллийг бусдад алдахгүй байх, танихгүй иргэд, ялангуяа гадаад орны хэрэглэгчидтэй найз болохдоо болгоомжтой хандах нь зүйтэй.

Хувийн мэдээллээ алдах нь цахим гэмт хэргийн хохирогч болох гол шалтгаан болж маш том санхүүгийн эрсдэлд оруулах аюул дагуулдаг.  Тиймээс:

§  Вэб камер болон гар утасны нүүрний камерууд нь кибер тагнуулд ашиглагдах өндөр эрсдэлтэй;

§  Аппликейшн суулгахдаа ашиглах нөхцөлийг нь анхааралтай уншиж танилцах;

§  Өөрийн хувийн мэдээллээ өөр газар давхар хуулж хадгалах;

§  Цаасан хэвлэмэл материал, баримт бичиг зэрэг хэрэгцээгүй мэдээллээ зориулалтын устгагч ашиглан устгах;

§  Ажлын байрнаасаа холдохдоо компьютерээ түгжиж занших;

§  Хувийн баримт бичгийг интернэтэд байршуулахгүй байх;

§  Таны компьютер вирустэн байна гэх интернэт сайтын хуурамч мэдээлэлд итгэхгүй байх;

§  Зээлийн картыг ашиглах эрхтэй гар утас болон таблетаа байнга түгжиж, алдахаас сэргийлэх;

§  И-мэйлээр ирсэн сэжигтэй файлыг нээхгүй байх;

§  Интернэт нууцлалдаа давхар хамгаалалтын код ашиглах хэрэгтэй байна.

Мөн иргэд, харилцагчид дараах тохиолдолд гадаад гуйвуулгын гүйлгээнүүд нь эрсдэл өндөртэй болохыг анхаарч, онцгой сонор сэрэмжтэй байх нь зүйтэй. Хэрэв та анх удаа харилцагч байгууллагадаа мөнгө шилжүүлэх гэж буй бол:

§  Харилцагч байгууллагаа сайн судлах /цахим хуудас, сошиал хуудас, харилцагч нарын сэтгэгдэл/;

§  Төлбөр хүлээн авах байгууллага эсвэл иргэний дансны мэдээллийг сайн тулгах;

§  Хүлээн авагч нь мөнгө хүлээн авч байгаа улс орондоо тодорхой үйл ажиллагаа явуулдаг эсэхийг нягталж шалгах хэрэгтэй.

Цахим гэмт хэрэг буюу “Phishing” хэмээх эрсдэлээс сэргийлэх гол арга бол хянуур байж, хуурамч мэдээлэлд итгэхгүй байх юм. Мөн өөрийн цахим орчин дахь аюулгүй байдлыг ханган ажиллаж, цахим шуудангийн нууц үгээ хамгаалах, үнэгүй домэйн бүхий и-мэйл хэрэглэхгүй байх, найдваргүй компьютер, сүлжээ ашиглан цахим хаягтаа нэвтрэхгүй байх, өөрийн компьютерт вируснаас хамгаалах шийдлүүдийг ашиглаж хэвших нь дээр дурдсан эрсдэлээс сэргийлэх юм.

Эх сурвалж: http://ikon.mn/n/1946