ХОТЫН ЗАХИРГААГ ЯАРМАГ РУУ НҮҮЛГЭХ ТӨСӨЛ ДЭМЖИГДЛЭЭ
2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр BRT (тусгай замын автобус) төслийн үйл ажиллагаа, Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих төслийн ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээ, Үйлдвэрлэл, технологийн паркийн нэгжийг сонгон шалгаруулах журам батлах, Ой тэмдэглэх зөвшөөрөл олгох, Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулах талаар авах зарим арга хэмжээний тухай зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.
Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулах талаар авах зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар танилцуулсан бөгөөд Нийслэлийн төр захиргааны байгууллага буюу НЗДТГ, нийслэлийн харьяа 33 агентлаг болон нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудыг Яармаг руу шилжүүлэхээр төлөвлөжээ.
Хэлэлцэж буй асуудлуудаар нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан "Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд хийгдэж байгаа давхар гүүрэн гарц ашиглалтад орвол ямар ч огтлолцолгүй автозамын урсгал үүснэ. Нийтийн тээврээр үйлчлүүлэх чиглэлийг иргэд рүүгээ хандуулах, төрийн үйлчилгээг авахдаа түргэн шуурхай хороон дээрээсээ авах боломжийг бүрдүүлэх зэрэг олон төсөл хэрэгжиж байгаа учраас шинэ Яармаг төвд ачаалал үүсэхгүйгээс гадна автозамын ачаалал ч нэмэгдэхгүй гэж үзэж байгаа тухай дурджээ.
Уг төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн 4, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт бий болгох хотын шинэ төвд нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг нэг дор шилжүүлэн байршуулах судалгаа төлөвлөлтийг хийж, барилгажилтын төсөл боловсруулж НИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулах”-ыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдод даалгасан байна.
Эх сурвалж: http://citycouncil.mn/