МОНГОЛ УЛСЫН ИРГЭНД ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль нь 2002 оны 06 дугаар сарын 27-ны өдөр батлагдаж 2003 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн бөгөөд тус хуульд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд үнэгүй өмчлүүлсэн газрын өмчлөх эрхийн хугацаа 2018 оны 05 дугаар сарын 01-ны өдрөөр дуусгавар болохоор зохицуулжээ.

Тус хууль хэрэгжиж эхэлснээс хойших улсын хүн амын тоог  он тус бүрээр тодорхойлж газар өмчлөгч иргэдийн тоотой харьцуулан үзэхэд 2009 болон 2012 онуудад тодорхой хувиар буурсан үзүүлэлт харагдаж байгаа нь газар өмчлүүлэх хугацаа дуусах үед газар өмчлөл эрчимжиж, сунгасны дараах үед нь буурч байгаа нь харагдаж байна. 2017 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нийт иргэдийн 18.3 хувь, нийт өрхийн 62.54 хувь нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг үнэгүй өмчлөн авжээ.

Түүнчлэн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлагын тандан судалгааг 2017 онд хийсэн бөгөөд уг тандан судалгааны үнэлгээгээр газрыг Монгол Улсын иргэнд нэг удаа үнэгүй өмчлүүлэх хугацааг сунгах шаардлагатай гэсэн  дүгнэлт гарсан байна.

 

Иймд Монгол Улсын Засгийн газраас санаачилсан “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр УИХ-ын даргад өргөн барилаа.

Хуулийн төсөлд Монгол Улсын иргэн газар өмчлөх хугацааг 2028 оны 05 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл сунгахаар зохицуулсан байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд Иргэнд гэр бүлийнх нь хэрэгцээнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх арга хэмжээг 2003 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 15 жилд хэрэгжүүлж дуусгавар болгоно гэснийг 25 жилд  болгон өөрчилхөөр хуулийн төслийг боловсруулсан байна.