МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАТАЛЛАА
2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.
Ази, Номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс Монгол Улсын мөнгө угаах, терроризмтэй тэмцэх тогтолцооны хоёр дахь удаагийн Харилцан үнэлгээг 2016-2017 онд хийж Монгол Улсыг эрчимтэй хяналтад оруулсан. Улмаар Монгол Улс 2018 оны 10 дугаар сар хүртэлх 15 сарын хугацаанд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог боловсронгуй болгох хүрээнд холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах үүрэг хүлээгээд байсан юм.
Шинэчлэн баталсан хууль тогтоомжид Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албаны эрх зүйн байдал, үйл ажиллагааны чадамжийг бэхжүүлэх, санхүүгийн үйлчилгээний хөгжил, техник технологийн өөрчлөлтөд нийцүүлэн мэдээлэх үүрэгтэй этгээдийн хүрээг өргөжүүлэх, тэдгээртэй холбоотой зохицуулалтыг нийцүүлэх, мэдээлэх үүрэгтэй этгээдэд тавих хяналт шалгалтын тогтолцоог эрсдэлд суурилсан хэлбэрт шилжүүлэх, эдийн засгийн харилцаанд орж байгаа аливаа хөрөнгийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг үнэн зөв, бодитоор бүртгэх тогтолцоог бүртгэлийн байгууллагаар дамжуулан хэрэгжүүлэх, хууль зөрчсөн хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог сайжруулах, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан хориг арга хэмжээг хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, терроризмыг санхүүжүүлэхээс гадна үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх зохицуулалтыг тусгах, Засгийн газрын түвшний Үндэсний зөвлөл зэрэг асуудлыг зохицуулах боломж бүрдэж байна.
Ийнхүү Монгол Улс цаг үе, нийгмийн хэрэгцээ, шаардлагад бүрэн нийцсэн, аливаа зөрчил, хийдэлгүй байх нийтлэг зарчимд тулгуурлан ФАТФ-ын 40 зөвлөмжид нийцүүлэн Мөнгө угаах болон терроризмын санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль болон бусад холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж олон улсын байгууллагуудын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж эхэллээ.
Эх сурвалж: www.mongolbank.mn