Ж.Эрдэнэбулган: ЁС ЗҮЙГҮЙ ХҮН ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ДИПЛОМТАЙ БАЙСАН Ч ХУУЛЬЧ БИШ

-1990 оноос өмнө хуулийн хэрэгцээг мэдэхгүй амьдралаа өнгөрөөдөг хүмүүс байдаг байлаа. Одоо бол хууль эрх зүйн асуудал амьдралын хэрэгцээ болж. Гэвч энэ хэрэгцээгээ давсан хуульчид бий болж байх шиг санагдах юм. Борооны дараахь мөөг шиг олон дээд сургууль бий болжээ. Та энэ асуудлыг юу гэж дүгнэдэг вэ?
Юуны өмнө олны унших дуртай долоо хоног тутмын “Open door” сонины унишигч олон та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлье. Та 90-ээд оны асуудлыг асуултандаа хөндлөө. Би тэр үеийн оюутан. Тухайн үеийн хууль зүйн сургуулийн онцлог, хууль эрх зүйн асуудлын нийгмийн хэрэгцээ ямар байсныг өнөөдөртэй харьцуулах аргагүй. Жишээлбэл, Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 2 дугаар сарын 18-ны өдөр “Хууль зүйн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, давтан сургах арга хэмжээний тухай” 46 дугаар тогтоолоор тус улсад хууль зүйн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх одоогийн тогтолцоог өөрчлөн шинэчлэх,өргөжүүлэх чиглэл удирдамж өгсөн юм. Энэ дагуу 1994 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын Шинжлэх Ухаан Боловсролын сайд, Монгол Улсын Хууль зүйн сайдын “Хууль зүйн дээд сургууль байгуулах тухай” 53/27 дугаар тоот хамтарсан тушаал гарч, МУҮИС, ШУА-ийн дундын Хууль зүйн сургалт-эрдэм шинжилгээний хүрээлэн, Хууль зүйн Яамны дэргэдэх хууль судлалын төвийг нэгтгэн хууль зүйн эрдэм шинжилгээ, сургалт, хуульчдын мэргэжил дээшлүүлэх үндсэн үүрэг бүхий Хууль зүйн дээд сургуулийг МУИС-ийн бүрэлдэхүүн сургууль болгох шийдвэр  гарч дээд боловсролтой хуульчдын бэлтгэх асуудалд онцгой анхаарсан. Үүнээс өмнө МУИС-ын Нийгмийн ухааны факультетийн хуулийн тэнхимд дээд мэргэжилтэй эрх зүйчдийг бэлтгэдэг байлаа шүү дээ. Манай сургууль чинь дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэн бэлтгээд 58 жил болж байна.
-Таны болон Таны өмнөх үед Монгол улс даяараа хууль эрх зүйн дээд мэргэжил эзэмших гээд нэг ангид 30 орчим л оюутан байдаг байсан гэсэн үг үү?
-Тийм. Манай ангид гэхэд л аймаг бүрээс ирсэн  20 гаруй  оюутан байсан. Гэхдээ бидний өмнөх төгсөлтийн ангиуд мөрдөн, аж ахуйн анги гээд 30, 40 оюутан байдаг байсан юм билээ.
-Хууль эрх зүйн мэдлэгийн хэрэгцээ бага байж. Гэхдээ чамгүй олон оюутан гадаад сурдаг байсан байх...
-Харин тийм. Би яг наадахь асуудлыг чинь ярих гэж байлаа.(инээв.) Тухайн үед хуульч мэргэжлээр дотооддоо мэргэжилтэн бэлтгэдэг ганц сургууль нь МУИС байсан. Мөн Хууль цаазны дунд сургуульд хуульчдыг бэлтгэж байв. 1970, 80-аад оны хуульчдын маань нилээд хувь нь энэ сургуулийн төгсөгчид. Тусгай дунд боловсролтой шүүгч, прокурор, өмгөөлөгчид олон байдаг байв. Ийм учраас бодлогоор энэ тусгай дунд боловсролтой хүмүүсээ дээд мэргэжилтэй болгохыг төр засаг дэмжиж Хууль цаазын дунд сургууль төгссөн хүмүүсээ их сургуульд 2,5 жилээр дахин суралцуулж дээд боловсрол олгохоор олны ярьдагаар түргэний анги гэдгийг нээсэн. Ингэж дүйцүүлж сургасны үр дүнд дээд боловсролтой хуульчид төрж гарч байв. Мөн үүний зэрэгцээ тухайн үеийн Зөвлөлт Холбоот улс болон дотоодод одоогийн Хууль Сахиулах Их сургуулиуд хуульчдыг бөөнөөр нь бэлтгэдэг байв. Ингэж хуулийн систем маань хуульчдаар хангагдаж ирсэн. Өнөөдрийн нийгэмд  хуульчдын хэрэгцээ хангагдсан уу? Манай улсад хуульч хангалттай учир олон хуульч бэлтгэх шаардлагагүй, зах зээл хангагдаж, ажлын байр нь ховордлоо гэдэг. Энэ нь 2 талтай. Үнэхээр энэ мэргэжлээр сураад цаашид сайн мэргэжилтэн болох хүсэл зорилготой нэг хэсэг бий. Нөгөө талд нь эрх зүйт нийгэмд хувь хүн өөрөө хууль зүйн мэдлэгтэй болоё гэдэг асуудал давхар тавигддаг. Заавал шүүгч, прокурор, өмгөөлөгч болох гэсэн юм биш ээ гэдэг. 
-Нээрэн тийм явдал бий шүү. Түүний нэг амьд жишээ би байна.
-Тийм шүү.(инээв.) Диплом аваад цаашдаа энэ мэргэжлээр ажилах уу, үгүй юу гэдэг олон шалгуураар шүүгдээд явдаг. Би үүнийг хүмүүсийн хууль зүйн мэдлэгийн эрэлт хэрэгцээтэй холбож ойлгож байгаа. “Хүн тэнгэрийн дор төрж, хуулийн дор амьдардаг” гэдэг шүү дээ. Энэ мэргэжлээр төгссөн хүн заавал хуульч болох албагүй юм. Ийм ч учраас энэ мэргэжлээр суралцах сонирхолтой хүмүүсийн эрэлт буурахгүй байна.
-Тэгвэл чанарын асуудал гэж бий. Хүнээс мөнгө авчихаад түүнд нь таарсан мэдлэг олгож байна уу гэдэг чинь бас сонин. Тэгэхгүй байгаа бол чинь цаад утгаараа бусармаг явдал.
-Ер нь бол хэцүү юм бий. (инээв.) Манай сургуулийн  хувьд Монгол улсдаа эрх зүйч бэлтгэдэг  яах аргагүй тэргүүлэх  нэг сургууль. Энэ бол хэлцэлтгүй ойлгомжтой асуудал. Манай сургуулиас гадна хувийн хэвшлийн олон сургууль эрх зүйч мэргэжлээр хүмүүсийг бэлтгэж байна. Энд чанарын асуудал зайлшгүй яригдана. Таны хэлсэнтэй уялдуулж хэлэхэд эрх зүйн мэргэжлийг их эрэлттэй юм гэдгээр бизнес хийж сургуульд нь элсэж байгаа хүүхдүүдийн хувь заяагаар тоглож болохгүй. Тиймээс сайн сургуулийг ямар үзүүлэлтээр шалгаруулах вэ гэвэл юуны өмнө маш сайн багш нартай байх ёстой. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор-багш нарын дундаас  Монгол Улсын үе үеийн нэртэй эрдэмтэд төрж гарсан. Дараа нь шилдэг элсэгч,  сурах орчин нөхцөл  сайн байх ёстой. Мөн үүний зэрэгцээ ямар ч их, дээд сургуулиудын чанар чансааг тодорхойлох шалгуур нь тус сургуулийн төгсөгчид байдаг. Зарим сургууль маш олон элсэгч авсан байдаг боловч яг мэргэжлийн хичээл заах багш цөөн байдаг. Иймд багш өөрийн судалгааны чиглэлээр мэргэшсэн байх ёстой бөгөөд нэг хичээлийг наад зах нь 3-4 багш заадаг байх ёстой. 
-Жишээлбэл, эрүүгийн эрх зүйг өөр өөр багш заах ёстой юм байна. Багш нар бас хоорондоо өрсөлдөх  учраас эрдэм мэдлэг, заах арга аа байнга ахиулж таараа. Зурагдсан пянз шиг нэг л хүнийг сонсоод байхгүй гэсэн үг байх нь ээ. Бас зарим юман дээр буруу ойлголттой багш байж гэмээ нь ганц багшийн оюутнууд тэр чигээрээ тийм ойлголттой гарах магадлал өндөр байж болох.
-Оюутнууд хичээлээ болон багшаа  сонгодог. Багш нарын дунд яаж хичээл заах арга барилаа сайжруулах вэ, эрдэм мэдлэгээ нөгөөгөөсөө илүү болгох вэ гэсэн өрсөлдөөн байх ёстой. Бие биеэ баяжуулсан байнгын дэвшилтэт хөдөлгөөнд байна гэсэн үг. Оюутнууд их сонгож байна гэдэг нь тэр багшийн бас нэг үнэлэмж болдог. Бусад улс орнуудыг харахад хувийн сургуульд эрх зүч мэргэжлээр боловсон хүчин бэлтгэх нь харьцангуй цөөн. Их сургуулиа түшиглэсэн хуулийн сургууль байх нь элбэг. 
-Тэр нь илүү нэр хүндтэй хэрэгцээ өндөртэй байдаг байх.
-Ер нь сонгодог тогтолцоогоороо ийм хандлагатай байдаг.

-Удахгүй ерөнхий боловсролын сургууль төгсөгчид ЭЕШ өгнө. Хүүхдүүд бага оноо авахаараа босго оноо доогууртай сургууль руу очдог. Танай сургууль ямар шалгуураар элсэлтээ хүлээж авдаг вэ?
-МУИС дотооддоо дээд боловсролтой боловсон хүчин бэлтгэж эхлээд 75 жил болсон. Манай МУИС нь 2024 он хүртэл хэрэгжүүлэх стартеги төлөвлөгөөгөө баталсан. Энэ төлөвлөгөөний гол зорилт нь Азийн шилдэг 100 сургуулийн эгнээд орох явдал. Иймд миний түрүү хэлсэн хамгийн шилдэг хүүхдүүдийг сургуульдаа элсүүлэх. Таны асуулт зөв. Өнөөдөр бид хамгийн сайн элсэгчидтэй, хамгийн сайн багш нартай байж л зорилт маань биелнэ. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн элсэлтийн байдлыг харахад манайд 650-аас дээш оноотой хүүхэд л орох магадлалтай. Хамгийн дээд оноо чинь 800 шүү дээ. Тэгэхэд манайд гол төлөв 700 гаруй оноотой хүүхдүүд л элссэн байдаг. Ялангуяа, хөдөө орон нутгаас элссэн хүүхдүүдийг харахад эхний хэдэн байранд орсон хүүхдүүд л манай сургуулийг сонгосон байдаг юм. МУИС энэ жил босго оноогоо 550-иар тогтсон. Улсын хэмжээнд 400 оноо босго оноо байсан шүү дээ. 
-Практик амьдрал дээр Танай сургуулийн хувьд л гэхэд 550 оноотой хүүхэд орох магадлал нь тэгтэй тэнцүү юм байна шүү дээ. Танай шинэ элсэгч шингээх хүчин чадал ч хүрэлцэхгүй байх.
-Элсэлтийн шалгалт бидний үетэй зүйрлэх аргагүй ойлгомжтой, шударга болчихсон шүү дээ. Шалгалтаа өгөөд л гэртээ сууж байгаад цахимаар оноогоо хараад л “Би тийм сургуульд элсэх болзлоо хангалаа” гээд л мэднэ. Маргаан байхгүй. 
-Тэгвэл ЭЕШ-ийн шалгалтан дээр сул дүн аваад гарын дор олдсон сургуульдаа элсэх хэрэггүй юм биш үү? Ажилж, сурч байгаад өөрийгөө бэлтгээд дахин чанартай сургуульд элсэх нь хожих юм биш үү? Ингэж л чанаргүй сургуулиудаас ангижрах байхаа даа.
-Ер нь бол цаашид ийм байдалд орох байх, хүн болгон өөрийн хүсээгүй мэргэжлээр суралцаж дээд боловсролтой болох албагүй шүү дээ. 
-Танай сургуульд Нагоягийн их сургуулийн японы эрх зүйн боловсролын төв байна. 2006 онд байгуулагджээ. МУИС Азийн 100 топ сургуулийн эгнээнд ороход ийм хамтын ажиллагааны үр нөлөө бас их байна биз?
-Ер нь их дээд сургуулийн рейтинг тогтооход тухайн сургууль шилдэг боловсон хүчин, шилдэг оюутантай байж болно. Үүнээс гадна гадаадын ямар сургуулийн зочин проффессор багштай байна. Гадаадын шилдэг ямар сургуультай ямар түвшний харилцаатай байна вэ гэдэг нэг гол үзүүлэлт болдог. Манай сургууль Японы Нагоягийн их сургуулийн хууль зүйн салбартай харилцаа холбоо тогтоогоод 12 жил болж байна. Манай маш олон төгсөгчид баклавраар энд төгсөөд Нагояд магистр, докторын зэргээ хамгаалсан. Энэ японы эрх зүйн ангид нэгдүгээр курсэд орсон  хүүхэд шалгалт өгөөд ордог. Тэгээд тэр тэнцсэн оюутан таван жил сургуульдаа сурангаа японы хэл соёл, түүх, зан заншил болон бусад зүйлийг судалж үзээд японы сертификат авдаг. Үүнийг хүртэхийн тулд 27 кредитийг цуглуулсан байх ёстой. Энэ ангийг төгссөн хүүхдүүд Японд очоод шууд магистртаа суралцах хэлний бааз суурьтай болдог. Энэ жил тэнд магистраа хамгаалсан гурван төгсөгч маань эргэн ирж сургуульдаа багшаар орсон. Энэ гурван багшийн өмнө манай сургуульд Нагоягийн их сургуульд магистр, доктор хамгаалсан олон багш нар одоо төрөлх сургуульдаа багшилж байгаа. Багшийн хэмжээнд гэхэд л Нагоягийн их сургууль манай сургуульд олон шилдэг багш бэлдэж өглөө гэсэн үг. Ингэж л үр өгөөжөө өгч байна. Үүнээс гадна БНСУ-ын Күүкмин их сургуультай хамтарч ажиллаад Солонгосын эрх зүйн боловсролын төвийг байгуулсан. 
-Энэ төв бас л япон төвтэйгэй адил үйл ажиллагаа явуулдаг юм байна, тийм үү?
-Тийм. Манай сургууль сүүлийн жилүүдэд гадаад харилцаагаа өргөтгөж олон сургуультай хамтын ажиллагаа хэрэгжүүлж байгаа. Жишээ нь АНУ-ын Пенсильвани мужийн "Penn-state"-тэй их сургууль, БНХАУ-ын "Ремин"-ий их сургууль, ХБНГУ-ын Бавар мужийн Вюрцбургийн их сургуулийн хуулийн сургуулиудтай нилээн өргөн хүрээнд харилцаа тогтоосон. Олон оюутнууд,багш нарыг эдгээр сургуульд сургаж байгаа. Энд дурьдсан "Penn-state"-тэй их сургууль нь манай төгсөгч нарт бүтэн болон 50 хувь хүртэл хувийн хөнгөлөлт үзүүлж тэтгэлэгтэйгээр сургаж байна.

-Танай сургууль мундаг юм хийсэн байна шүү.
-Тэнд манай 20 орчим төгсөгч магистрын сургалтанд хамрагдаад байна. Бид ингэж нилээн алсыг харсан ажил сэдэж байгаа нь төгсөгчдөө гадаадад ахисан түвшний сургалтанд хамруулах, тэр дундаа багш боловсон хүчнээ бэхжүүлэх зорилгоор энэ бүх үйл ажиллагааг хийж байгаа юм.
-Танайд байгаа гадаадын эрх зүйн боловролын төвүүдийн үйл ажиллагаанаас харахад золбоотойхон оюутан таван жил баклаврт сурангаа япон, солонгос хэлтэй болох нь ээ. Англи хэлний сургалт бол мэдээж явж байгаа.
-Болно. Оюутнууддаа зориуд хандаж нэг юмыг онцлон захиж хэлэхэд япон, солонгос эрх зүйн анги гээд сонирхоод ордог. Зарим нэг хүүхдүүд замын дунд няцдаг. Гадаадын багш, профессор шаардлага өндөртэй л дээ. Уг нь таван жил хичээгээд зүтгэчих юм бол насан туршийн бусдаас давуу талаа олж авч байгаа юм л даа. Хэлтэй бол хөлтэй ч гэдэг. Дээр нь эрдэмтэй болно. Нөгөө талаар сурах гэж байсан нэг хүний орон тоог хааж би сурч байгаа шүү гэдэг дотоод ухамсраа хөгжүүлж шантралгүй сур гэж оюутнууддаа би байнга хэлдэг юм. 
-Танай сургууль Германы нэг сантай 20 гаруй жилийн хамтын ажиллагааг өрнүүлж байгаа байх аа? Танай чиглэлээр Германд магистр, доктор хамгаалсан хүмүүс олон байх ёстой гэж бодож байна.
-Германы Ханс-Зайделийн сантай удаан хугацаанд хамтран ажиллаж байна. Энэ сангийн тусламжтай манай эрх зүйн хөтөлбөр боловсрогдсон. Олон багш нар магистр, докторын сургалтанд хамрагдаж тэнд эрдмийн зэрэг цолоо хамгаалсан. 
-Одоо ч энэ харилцаа явж байгаа юу?
-Тэгэлгүй яахав. Манай сургууль чинь түншилж нөхөрлөвөл гүн нөхөрлөнө шүү дээ. Хуулийн сургууль учраас гэрээ тохироондоо үнэнч байдаг.(инээв.) Хамгийн сүүлд ХБНГУ-ын Байратын их сургуульд залуу багш Тогоогийн Золбоо эрүүгийн эрх зүйн чиглэлээр магистрийн зэрэг хамгаалаад одоо Эрүүгийн эрх зүйн багшаар ажиллаж байна. Ноднин жил Баварын Вюрцбургын их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Тус сургуулиас манайд маш их үнэ цэнэтэй номнуудыг бэлэглэсэн. Цаашдаа бид сургуульдаа Германы эрх зүйн боловсролын төв байгуулах бодолтой ажиллаж байна. Энд нэг юм хэлэхэд бид урд хойд хоёр хөршөө анхаарлын төвөөсөө гаргаж хэрхэвч болохгүй гэдэг нь ойлгомжтой. Иймээс хоёр хөршийнхөө хуульч бэлтгэдэг сургуулиудтай хамтын ажиллагааг нэлээн өргөжүүлж эхлээд байна. Жишээ нь, БНХАУ-ын Ардын их сургуультай гадаад харицааг өргөжүүлж байна. Тэнд оюутан багш нараа ахисан түвшинд сургах, эргээд манайд тэндээс магистр, докторант хүлээж авах зорилготой ажиллаж байна. 
-Танай сургуульд гадаад оюутан байна уу? Ямар ямар улсаас байдаг вэ?
-БНХАУ, БНСУ-аас оюутан байна. БНАЛАУ-аас оюутан байна. Лаос оюутан. Энэ бол бас манай цаашдаа анхаарах нэг сэдэв. 
-Би 1994 онд их дээдийн анхны ангид элсэн орж төгссөн. Тэр үед манай сургууль МУИС-ийн Нийгмийн ухааны факультетийн хуулийн тэнхимээс Хууль зүйн дээд сургууль болж байсан. Тэр цагт Монгол улс нийгэм эдийн засгийн бүтцийн өөрчлөлтөнд орсон учраас хуулийн олон хичээлийг шинээр гүнзгийрүүлэн үзэж эхэлсэн. Зарим хичээлийг таны дээр хэлснээр ганц хоёр л багш заадаг байв. Жишээ нь, Нийтийн эрх зүй, Хувийн эрх зүй ч гэдэг юм уу?
-Манай сургууль 94 онд байгуулагдаад Дэлхий нийтийн чиг хандлага руу орох зайлшгүй шаардлага гарсан. Нийтийн болон хувийн гэсэн хоёр тэнхимтэй болоод дотор нь хуулийн бусад бүх салбарууд багтаж ороод тусдаа өөрийнхөө судалгааг явуулах маягаар ажиллаж байгаа. 
-Хуулийн сургуульд маань хэдэн оюутан сурч байна. Жилдээ хэдэн оюутан төгсгөж байна вэ?   
-2200 хүн бакалавр, магистр, докторын түвшинд суралцаж буй. Жилд баклаврын үндсэн ангийг 150-180 оюутан төгсч байна. Үүний зэрэгцээ таны төгссөн (инээв.) эчнээ, их дээдийн ангийг бас энэ тооны оюутан төгсөж байгаа. Жил бүрийн элсэлтийн байдлыг харахад манай руу хандсан урсгал буурахгүй харин ч өсөлттэй явж байгаа. Иймээс миний дээр хэлсэн эрх зүйн боловсролын хэрэгцээ шаардлага нийгэмд байна аа гэж үзэхээс өөр аргагүй. 
-Танай сургуулийг төгсөөд гадаадад магистр, докторт явсан төгсөгч очсон сургуульдаа нэг их түүртэхгүй төгсөж ирж байна аа гэсэн итгэл үнэмшил, ойлгоц Танд энэ олон жилийн сургалтын явцад төрөв үү?
-Гадаадын Их дээд сургуулиудад магистр, докторт явсан манай төгсөгч нар  сурч чадахгүй болоод ирж гэнэ ээ гэсэн яриаг би дуулаагүй. Мэдэхгүй. Миний мэдэх бүх явсан хүн төгсч ирсэн. 
-За ингээд Таныг зөвшөөрвөл сургалтын сэдэв ээ солиод арай өөр проблем ярья. 
-Аа яая,тэр чинь л хэцүү байна шүү. (инээлдэв.) 
-Манайхан хууль болохгүй байна. Хуулийнхан болохгүй байна гэж ярих нь элбэг. Энэ юунаас болж ийм яриа үүсээд байна вэ? Та судлаач хүний хувьд санаа бодлоо хэлэхгүй юу?
-Хуулийг хэн нэгэн хэрэгжүүлэхгүй байгаад хуульч нар буруутай юу гэдэг асуудал. Сайн хууль, муу хууль гэдгийг хэн тогтоож хэлээд байгаа юм гэдэг асуудал. Ямар ч хууль гарлаа гэсэн түүнийг хэрэгжүүлэхгүй байгааг юу гэж үзэх вэ? Би хуульч хүний хувьд энд Монголын олон хуульчдыг бэлтгэж гаргаж байгаа хүний нэг учраас хуулийн мэргэжлийг муулуулах дургүй. Манайд энд төгсөөд хуульч болж байгаа хүн ёс зүйтэй гардаг. Ёс зүйгүй байх юм бол тэр хүн хуульч биш. 
-Гэхдээ хууль хэрэгжихгүй байна. Хуулийг хэрэгжүүлэхгүй байна гэсэн хоёр ойлголт байх шиг...
-Хууль бол хүний эрх, өөр бусад эрхийг нь хамгаалах үүднээс гаргаж байгаа. Хууль хүний эсрэг бичигдэж, батлагдахгүй шүү дээ. Ардчилсан нийгэм, эрх зүйт төрийн үед. Энийг хэрэгжүүлж байгаа субьектын хувьд наад асуудал чинь яригдаж байгаа юм. Муу хууль гэдэг бол аман ярианы л түвшний эд. 
-Таны хэлсэнчлэн ёс суртахуунтай хуульчийг гаргадаг механизм нь юундаа байна?
-Бид оюутнуудаа эхлээд хүн байх ёстой гэж номолдог.
-Хууль зүйн сургууль нэрт хуульч, эрдэмтэн Б.Чимидийн нэрэмжит. Сургуулиар ороод ирэхэд Чимид гуайн: “Хуульч хүн эхлээд жинхэнэ хүн байх ёстой” гэсэн сайхан үг хананд хамгийн түрүүн нүдэнд тусч байна.
-Харин тийм учраас бидний оюутнууддаа хамгийн түрүүн толгойд нь хийдэг юм хүн байх номлол. Үүднээсээ Чимид багшийн үгээр дохиолон харагдаж байгаа биз дээ. Хүн байвал чи хуульч болно. Онц сурсан диплом аваад хүн биш байх юм бол чи хуульч биш. Ёс суртахуун, зан төлөв, хүний жудаг гэдэг юм хуульч хүний гол тулгуур. Хуульч хүн эхлээд өөрөө хуурдаггүй, худлаа ярьдаггүй, хулгай хийдэггүй, хуйвалддаггүй байж гэмээ нь бусдаас шударга байхыг, ариун байхыг шаардана. Би оюутнууддаа хэлдэг. “Хүн чанар гэдэг бол зарим үед хуулиас дээгүүр тавигдах шаардлага” гэж хэлдэг. 
-Сайхаан үг байна. Өнөөгийн хэн бүхэнд сонсгомоор үг байна. Монгол Улсын түүхэнд хуульч ШУА-ын жинхэнэ гишүүн, Академич хоёр хүн байдаг. Ж. Амарсанаа, С. Нарангэрэл хоёр бол хоёулаа МУИС-ийн Хууль зүйн сургуулийн төгсөгчид. Аливаа сургуулийн чансаа төгсөгчдөөр нь, багш нараар нь овоглож харагддаг ёс бий. Хэдэн доктор танайд байна вэ? Эргээд л сургууль руугаа орлоо.
-Академич С.Нарангэрэл, Ж.Амарсанаа багш нэг ангийн хоёр. Хоёулаа сургуульдаа багш, удирдах ажил хийж байсан. С.Нарангэрэл багш одоо ч сургуульдаа зөвлөх профессороор ажиллаж байна. Манай сургуулийн захирлаар 11 жил ажилласан. Миний хувьд Нарангэрэл багшаар докторын ажлаа удирдуулснаараа бахархаж, баярлаж явдаг. Манай сургуулийн доктор цолтой багш нарын тоо их нэмэгдэж байгаа. Энэ жил гэхэд гурван багш доктор хамгааллаа. Нийт үндсэн багш нарын тавь гаруй багшаас хорин нэг нь доктор цолтой. Энэ бол дөч гаруй хувь. Үндсэн багш, гэрээт багш, зөвлөх багш гэж багш нар байна. Гэрээт болон зөвлөх багш нар цөмөөрөө докторын зэрэгтэй. Манай сургуулийн багш нарт нэг онцлог бий. Иишээ тийшээ дэвшээд явчихдаг. Та бол мэдэж байгаа хаа ямар доктор багш нар маань ямар ажил алба хашаад явж байгааг. Гэхдээ тэд маань багшлах болон эрдэм шинжилгээний ажлаа орхидоггүй. Доктор цолтой багш нарын тоог нэмэх нь бидний нэг зорилго.
-Та өөрөө хуульчийн мэргэжлийг өөрөө санаадгүй сонгож авав уу? Эсвэл...
-Би бол үндсэндээ багш нарын хүрээлэлд өссөн хүн. Гэвч багаасаа хуульч болно гээд боддог байлаа. 1988 онд Дундговь аймгийн нэгдүгээр 10 жилийн сургууль төгссөн. Конкурс өгтөл тэр жил манай аймагт хуулийн сургуулийн хувиар ирээгүй. Ингээд итгэл үнэмшлээр аймгийн шүүхэд зарлагын ажилд оров оо.(инээв.) Албан бичиг хүргэнэ. Мэдэгдэх хуудас өгч шүүх хуралд дуудна. Хагас жил болж болоод дэвшиж архивын эрхлэгч болов. Архив гэж нилээн хэцүү юм байсан. Хавтаст хэргийг овоолчихсон. Шүүхийн дарга нь Жанчив гэж их сүрхий хүн байсан. Дарга маань надад долоо хоногийн томилолт өгч “Чи Дээд шүүх дээр очиж архивтай нь танилцаж, бичиг баримтаа яаж хадгалж, хураадгийг сурч ир” гэв. Тэгээд эргэж ирээд хавтаст хэргүүдийг хавцаслах, он сараар ангилах, нааж үдэх гээд архиваа хэвийн хэмжээнд авчирлаа. Энэ хооронд маш их хавтаст хэрэг уншсан. Их сургуульд оюутан байхад болон судлаач, өмгөөлөгч болоход тэнд уншсан их хэрэг болсон шүү. Би оюутан нартаа: “Архивын хавтаст хэрэг уншиж шаралсан цаасны тоосонд найтааж үзээгүй хүн. Шүүх хуралдаанд оролцож үзээгүй хүн хуульч хүн гэж ханхалзах хэрэггүй” гэж туудаг юм шүү дээ. (инээв.) 1989 онд дахин конкурс өгөөд МУИС-ийн хуулийн ангид орсон. Тэр үед ашгүй аймагт хоёр хувиар ирсний нэгийг авсан. Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн нөгөө хувиарыг нь авсан. Тэрбээр жинхэнэ хуульчийн замаар явсан. Хууль цаазны дунд сургууль төгсөөд Аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлийн даргаар хүртэл ажиллаж байгаад надтай хамт нэг ангид орсон. 
-Бүх л шалгуурыг жинхэнэ утгаар нь давсан хуульч байна. Хууль цаазны дунд сургуульд 2,5 жил сурч төгсөөд өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга болтлоо орон нутагт ажлаад дараа нь МУИС-ийн хуулийн ангид 5 жил суралцан төгссөн байна.
-1989 онд орж ирэхэд аймаг болгоноос нэг хүүхэд манай ангид ирсэн байв. Манай ангийнхны ихэнх нь Хууль цаазны дунд сургууль төгссөн оюутнууд байв. 10 төгсөөд орж ирсэн тавхан хүүхэд байлаа. Туршлагатай том хуулчидтай 10 төгссөн ийм таван хүүхэд сурч байлаа. МУИС-ийн НУФ-ийн Хуулийн салбарыг надтай хамт нэг ангид төгссөн бүгдийх нь нэр одоо ажиллаж байгаа албыг нь дурьдмаар байвч сонины зай талбайг бодоод орхилоо. Гэхдээ би хаана ч явсан ангийхнаараа бахархаж тэр надтай их сургуулийн нэг ангийг төгссөн гэж хэлж явдаг. Биднийг анх сургуульд ороход УИХ-ын гишүүн агсан С.Төмөр багш тэнхимийн эрхлэгч байсан. Алдартай багш нараас эрдэм сонсож явлаа. Г.Совд, Э.Авирмид гээд тэр цагийн хуулийн асс багш нараар хичээл заалгаж явлаа. И.Дашням, Т.Сэнгэдорж, Л.Баасан, Т.Уранцэцэг, Д.Наранчимэг, Ц.Сарантуяа, Х.Сэлэнгэ, Д.Солонго, Ж.Бямбаа, Д.Баярсайхан  гээд үе үеийн мундаг том хуулийн эрдэмтдээр ном заалгуулж төгсөөд дараа нь 1994 оноос хамт ажилласан.Тэр үед тэдэнтэй мөр зэрэгцэн хамт ажиллаж байгаа нь зүүд ч юм шиг санагдсан шүү. Өчигдөрхөн л оюутны ширээний ард өөдөөс нь хараад ярихыг нь чагнаад байсан хүн чинь, сонин юм билээ. Сайхан байсан. Намайг төгсөхөд Дундговь аймгийн шүүх шүүгчээр авна гээд тухайн үед багшлах боловсон хүчин дутагдалтай байсан учир И.Дашням Ж.Бямбаа багш, бас Д.Солонго багш нар ятгаад багш болгож байлаа. Дурсвал их сайхан юм байна аа. Энэ үеэ дурсмаар санагддаг юм. Монголын үе үеийн том эрдэмтдийн лекцийг сонсож, дараа нь хамт ажиллана гэдэг ховор хувь заяа гэж дотроо маш их олзуурхаж явдаг юм. Алдарт Б.Чимид, С.Жалан-Аажав гуайтай хамт ажиллана гэдэг бас л шүү. Л.Баасан багш, Б.Уранцэцэг багш. А.Тажикбек гэж мундаг эрүүгийн эрх зүйн эрдэмтэн байлаа. Цэцийн гишүүн Н.Чинбат, Д.Наранчимэг багш байна. Монгол Улсын гавьяат хуульч, Цэцийн гишүүн байсан ЦСарантуяа доктор байна. Сайхан хүмүүс. Хүн болгоны хэлж захиж байсан үг одоо болтол тухайн тухайн цаг моментондоо санагддаг юм. Энэ бүх хүмүүсийн сэтгэл зүрхээ өгдөг энэ сургуулийг нэг зөв аваад явчих юмсан гэж л чармайдаг юм даа.
-Та чинь өөрөө багш. Эмээ тань багш. Сая Таны эмээ Д.Жуужаа багш 86 насан дээрээ Монгол Улсын гавьяат багш боллоо. Жуужаа багшид болоод Танд сониныхоо уншигчдын өмнөөс баяр хүргэе.
-Баярлалаа. Манай Дундговийнхон бүгдээрээ мэднэ дээ, миний эмээч (инээв.) 
-Миний аав Хайнжамцын багш байсан ёстой багшийн багш даа.
-Би чинь эмээ дээрээ өссөн эмээгийн хүү байхгүй юу.Тэгээд эмээгээрээ хүртэл овоглож явдаг юм. Жинхэнэ утгаараа тэр хүний хүн. Миний эмээ чинь монгол хэл уран зохиолын багш. 
-Тэгвэл Та уран зохиолын ном их уншиж өссөн биз? 
-Эмээ минь ном их цуглуулна. Тэрнийх нь ихэнхийг би уншсан даа. Хааяа хүүхдүүдэд өгөөд алга болгочихно. Тэгээд бангаа хүртэнэ. Одоо ч эмээгийн номын сан арвин хэвээрээ. Тиймээс тухайн үед хэвлэгдсэн ихэнх романыг уншлаа. Хүүхэд уншиж болохгүй гэдэг романыг нууж уншина.(инээв.) Уран зохиолын ном уншина гэдэг хүний тархи толгойг сайн цэнэглэдэг. Зүгээр нэг интернэтийн мэдээлэл унших биш номыг барьж унших, хүртэж уншина гэдэг үнэхээр гоё. Би хүүхэд, шавь нараа номыг хүртэж, барьж унш аа гэж байнга шаарддаг юм. Хүү бид хоёр амралтын өдрөөр номын сан, Интерном, гээд номын дэлгүүрээр орох дуртай. 
-Ном унших чинь хөгжим сонсох, кино үзэх, зураг үзэхээс илүү амралт тайвшрал өгч стресс тайлдаг гэж эрдэмтэд нотолсон байна шүү...
-Ортой байх. Уран зохиолын номыг эргээд уншихад амтат дурсамжаа дурсаж байгаа юм шиг мэдрэмж төрөх юм. Би хамгийн сүүлд Сормууниршийн Дашдооров гуайн “Говийн өндөр” романыг дахин уншлаа. Тэр манай говь нутгийн амьдралыг яаж тэгж нүдэнд буутал мундаг гаргадаг байна аа. Сумын төв дээр машин очоод зогсоход л тэр үед гандсан дээлтэй, банхар бакиалтай нөхөр очиж сонирхож байгааг ёстой нэг дүрсэлсэн байгаа юм.(инээв.) Ийм л байна.
-Сайхан дурсамжаа ярьж, санууштай санаа бодлоо хуваалцсан Танд баярлалаа.

 

Эх сурвалж: http://ner.mn/p/913