ОРОН НУТГИЙН ХАМГААЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ

Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд 2018 оны 5 сарын 18-ны өдөр Улсын Их хурлын дарга М.Энхболдод “Орон нутгийн хамгаалалтын тухай” хуулийн төслийг өргөн мэдүүллээ.

            Энэ хуулиар орон нутгийн хамгаалалтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд төсөл санаачлагчийн танилцуулгад дурьдсанаар хууль зүйн болон практик хэд хэдэн үндэслэл, шаардлагын дагуу “Орон нутгийн хамгаалалтын тухай” /анхдагч/ хуулийн төслийг боловсруулсан гэжээ.

            Энэ хуулийн төсөл нь 6 бүлэг 24 зүйлтэй бөгөөд хуулиар зохицуулах харилцаа, хамрах хүрээг дараахь байдлаар тусгажээ. Үүнд:

Нэгдүгээр бүлэгт: Хуулийн зорилт орон нутгийн хамгаалалтын тухай хууль тогтоомж, хуулийн үйлчлэх хүрээ, хуулийн нэр томьёоны тодорхойлолт, орон нутгийн хамгаалалтын үйл ажиллагааны зарчим, зэрэг нийтлэг асуудал;      

Хоёрдугаар бүлэгт: Орон нутгийн хамгаалалт, түүний зохион байгуулалт, үндсэн арга хэмжээтэй холбоотой зохицуулалт; 

Гуравдугаар бүлэгт: Орон нутгийн хамгаалалтын нөөц, орон нутгийн хамгаалалтын төлөвлөлт, орон нутгийн хамгаалалтын сургалттай холбогдох эрх зүйн зохицуулалт;

Дөрөвдүгээр бүлэгт: Орон нутгийн хамгаалалтын удирдлага, Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх, батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэгтэй холбогдсон эрх зүйн зохицуулалт;

Тавдугаар бүлэгт: Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх, үүрэг болон аймаг, нийслэлийн Засаг дарга, хуулийн этгээд, иргэний үүрэгтэй холбоотой эрх зүйн зохицуулалт; 

Зургаадугаар бүлэгт: Орон нутгийн хамгаалалтын үндсэн арга хэмжээний санхүүжилт, орон нутгийн хамгаалалтын нууцлалт, хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага, хууль хүчин төгөлдөр болох хугацаа зэрэг харилцаатай холбоотой эрх зүйн зохицуулалтыг тусгажээ. 

            Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл батлагдсанаар иргэний “Эх орноо хамгаалах” Үндсэн хуулийн заалт хэрэгжих, орон нутгийн хамгаалалтын талаар иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагын бүрэн эрх, чиг үүргийн уялдаа хангагдаж, улс орноо батлан хамгаалах нэгдмэл тогтолцооны цогц байдал хангагдах юм байна.
           

Хуулийн төслийг боловсруулахдаа ОХУ, АНУ, БНХАУ, БНСУ, Сингапур, Швейцарь, Израйль зэрэг газар зүйн байрлал, бүс нутгийн цэрэг, улс өрийн нөхцөл газар нутгийн хэмжээ, эдийн засгийн хүчин чадал зэргээрээ харилцан адилгүй орнуудын хууль тогтоомжийг судлан үзэж, өөрийн орны оцлогт тохирсон, бүх нийтийн оролцоонд тулгуурласан орон нутгийн хамгаалалтын тогтолцоог бий болгохоор зорьжээ.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс