БАЯЖУУЛСАН ХҮНСНИЙ ТУХАЙ ХУУЛЬ

Монгол Улсын Их хурлаас 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр “Баяжуулсан хүнсний тухай” хуулийг батлан гаргасан бөгөөд тус хууль нь 4 бүлэн 13 зүйлтэй.

Уг хуулиар хүн амын эрүүл мэндийг хамгаалах, аминдэм, эрдэс бодисын дутлаас урьдчилан сэргийлэх зорилгоор зарим төрлийн хүнсийг албан журмаар баяжуулахтай холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд зарим төрлийн хүнсийг аминдэм, эрдэс бодисоор үйлдвэрийн аргаар албан журмаар баяжуулах, баяжуулагч бэлдмэлийг импортлох, үйлдвэрлэх, экспортлох, хяналт тавихтай холбогдсон,  албан журмаар баяжуулан үйлдвэрлэж байгаа хүнстэй ижил төрлийн хүнсийг импортлохтой холбогдсон харилцаанд үйлчилнэ.

 “Баяжуулсан хүнс” гэж аминдэм, эрдэс бодисыг дангаар болон холимог хэлбэрээр үйлдвэрийн аргаар нэмж үйлдвэрлэсэн хүнсийг, “баяжуулагч бэлдмэл” гэж хүнсийг үйлдвэрийн аргаар баяжуулахад хэрэглэх аминдэм, эрдэс бодис, эсхүл тэдгээрийн холимгийг хэлнэ гэж хуулинд томъёолсон байна.

Мөн уг хуулийн 7, 8 дугаар зүйлд баяжуулсан хүнс үйлдвэрлэгчийн эрх үүрэг, баяжуулагч бэлдмэл импортлогчийн эрх үүргийг тусгайлан зааж өгсөн байна.

Баяжуулсан хүнс импортлоход:

1.      Албан журмаар баяжуулах хүнстэй ижил нэр төрлийн импортын бүтээгдэхүүн нь Монгол Улсын үндэсний стандартын шаардлагыг хангасан байна.

2.      Импортын баяжуулсан хүнс нь баяжуулсан болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээтэй байна.

3.      Баяжуулсан хүнсийг импортлоход Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийг баримтална.

Баяжуулсан хүнс үйлдвэрлэгч нь эгзэгтэй цэгийн хяналтыг хэрэгжүүлж, бүтээгдэхүүнээ дотоодын хяналтаар баталгаажуулна.

Хилийн боомт, гүний гаалийн дэргэдэх хүнсний чанар, стандартын улсын байцаагч нь хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүртгэлийг үндэслэн баяжуулагч бэлдмэлийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулахыг зөвшөөрч, экспортын гэрчилгээ, импортын мэдэгдлийг олгоно.

Уг хууль нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.