МОНГОЛ УЛСАД ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС ЖИЛД 880 ХҮН АМИА АЛДЖЭЭ

   Дэлхийд жилд дунджаар 475,000 хүн гэмт хэргийн улмаас амиа алддаг. 100,000 хүн тутамд 7 хүн амиа алдаж байна

Монгол Улсын хувьд 100,000 хүн тутамд 28 байгаа нь дэлхийн дунджаас 4 дахин өндөр байна Манай улсын хэмжээнд сүүлийн 5 жилд нийт 130,000 орчим гэмт хэргийн шинжтэй хэрэг зөрчил бүртгэгдэж, 40,000 орчим иргэн шүүхээр ял шийдвэрлүүлжээ

2016 онд улсын хэмжээнд нийт 27,167 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 65.9% нь Улаанбаатар хотод үйлдэгджээ. 2016 оны гэмт хэргийн эрсдэлийн индекс өмнөх оноос 0.4 нэгжээр буурч 6.3-т хүрсэн байна.Нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 9.3 хувиар буурсан нь тус оны гэмт хэргийн эрсдэлийн индексийг буурахад голлон нөлөөлжээ.

   Цагдаагийн Ерөнхий Газраас гаргасан мэдээллээс үзэхэд 2016 онд гэмт хэргийн тоо өмнөх онтой харьцуулахад 590 хэргээр буюу 2.1%-иар буурсан үзүүлэлттэй байна. Гэмт хэргийн улмаас 2016 онд 11,257 хүн гэмтэж, 880 хүн амиа алдсан нь өмнөх оноос гэмтсэн хүн 0.3%-иар буурч, харин амиа алдсан хүн 3.9%-иар нэмэгдсэн байна.

Хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг гэдэгт хүн амины хэрэг, хүний эрүүл мэндэд санаатай болон болгоомжгүйгээр хүнд, хөнгөн хохирол учруулах зэрэг гэмт хэрэг орно. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт хулгай, дээрэм, залилан зэрэг гэмт хэрэг орно.

   Нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэдэг нь террорист ажиллагаа явуулах, зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулах, түүнд элсэх зэрэг олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийг хэлнэ.

Улсын хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэргийг төрлөөр нь ангилбал өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг хамгийн өндөр буюу 49.1 хувийг эзэлсэн бол хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 31.0 хувийг эзэлж олон үйлдэгдсэн гэмт хэргийн ангилалд орж байна.

   Сүүлийн 10 жилийн хандлагыг харахад хүнд гэмт хэргийн тоо тасралтгүй буурсан боловч  хөнгөн, хүндэвтэр гэмт хэргийн тоо өссөн үзүүлэлттэй байна. 2016 онд 100,000 хүн тутамд хөнгөн гэмт хэргийн тоо өссөн бол хүнд, онц хүнд хэргийн тоо буурчээ. 

Манай улсад онц ноцтой хүнд гэмт хэргийн тоо харьцангуй цөөн ч гэсэн нэг хүнд ногдох хэмжээгээрээ дэлхийн дунджаас хол илүү байна. Мөн дээрээс нь хулгай, дээрэм гэх зэрэг хөнгөн ба хүндэвтэр гэмт хэргийн гаралт өссөөр байна. Тийм учраас л гэмт хэргийн эрсдэлийн индекс өндөр гарч олон улсын түвшинд ч дээгүүр байранд оржээ.

Эх сурвалж: https://ikon.mn/n/1bd2