МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН САНААЧИЛСАН ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА.
Төгрөгийн тогтвортой байдлыг хангах, гадаад валютын улсын нөөцийг эзэмшин удирдах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиг үүргийн хүрээнд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглаж, валютын орлого олдог хуулийн этгээдийн мөнгөн гүйлгээ, төлбөр тооцоог Монголбанк гүйцэтгэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох зорилгоор Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төслийг боловсруулахдаа тус хуулийн аравдугаар зүйлд Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашигладаг, Монголбанкнаас тодорхойлсон хэмжээний экспортын гадаад валютын орлого олдог хуулийн этгээдийн төлбөр тооцооны дансыг Монголбанк өөр дээрээ байршуулж болохоор тусгасан байна.
Хууль батлагдсан тохиолдолд Монголбанк өөр дээрээ байршуулсан, тодорхой шаардлага хангасан хуулийн этгээдийн дансаар дамжуулан гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах, тэдгээрийн экспортын орлогыг Монгол Улсаар дамжуулах эерэг үр нөлөөтэй гэж хууль санаачлагч үзсэн байна.
Хуулийн төслийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан ёсны цахим хуудсаар 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүртэл иргэд, олон нийтээс санал авсан байна.
ЭХ СУРВАЛЖ: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс