БАНКНЫ САЛБАРЫН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ БАТЛАГДАВ.
Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хууль нь банкны харилцагч хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг хамгаалах үүднээс банкны салбарын төлбөрийн чадварыг бэхжүүлэх, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалах, улмаар эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилготой юм.
Банкны салбарт хийгдсэн активын чанарын үнэлгээгээр өөрийн хөрөнгийн хүрэлцээний зохистой харьцааг хангаагүй, системд нөлөө бүхий банкны хувьцаа эзэмшигчдэд өөрийн хөрөнгийн дутагдалыг нэн тэргүүнд өөрийн нөөц бололцоогоор хангуулах, төрийн оролцооноос хувийн салбарын хөрөнгө оруулалтыг илүү хөхиүлэн дэмжих, тэргүүн ээлжинд хувийн хөрөнгө оруулагчдаас хөрөнгө босгох үйл ажиллагааг идэвхжүүлэх эрх зүйн орчинг уг хуулиар бүрдүүлсэн болно.
Өөрийн хөрөнгийн дутагдалтай, системд нөлөө бүхий банкны хувьцаа эзэмшигчид нь өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх бүхий л арга хэмжээг авсан боловч өөрийн хөрөнгийн шаардлагыг 2018 онд багтаан шаардлага хангаагүй тохиолдолд төр тухайн банкны хувьцаа эзэмшигчдэд банкны бүх алдагдлыг хүлээлгэн, банкны хувьцааг алдагдлын дараах бууруулсан үнээр худалдан авах замаар дахин хөрөнгөжүүлэх арга хэмжээг авахаар хуульд заагаад байна.
Эх сурвалж: МОНГОЛ БАНК