ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭСЭН Ч ХЭЛЭЛЦЭЖ АМЖААГҮЙ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙН ГОЛ ӨӨРЧЛӨЛТҮҮД

УИХ-аас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар өнгөрсөн оны тавдугаар сард Ажлын хэсэг байгуулсан. Үүнээс хойш нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэн 320 гаруй мянган иргэний саналыг авсан байдаг. Ингээд хамгийн олон давтамжтай саналуудад тулгуурлан долоон чиглэлээр 42 заалт бүхий төслийг боловсруулжээ.

Тухайлбал, төрийн эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой болгох, бүх шатанд хариуцлага сахилга, хяналтыг дээшлүүлэх, орон нутгийн бие даасан байдлыг сайжруулах зэрэгт голчлон чиглэсэн байна. Тэр дундаа УИХ-ын гишүүдийн үүрэг хариуцлага, хуралдаандаа оролцож буй идэвх, ёс зүйн асуудал сүүлийн үед яригдах болсон. Үүнтэй зэрэгцэн гишүүн асан Д.Гантулгын нэр холбогдсон хэрэгтэй холбоотойгоор гишүүдийн ёс зүй, сахилга хариуцлагын асуудал улам хурцадсан гэхэд болно. Тиймээс ч УИХ-ын гишүүдийн үүрэг хариуцлагыг сайжруулах үүднээс өөрийн биеэр санал хураалтад оролцох, бусдын өмнөөс санал өгөхийг хориглох, хүндэтгэх шалтгаангүйгээр хуралдаанд оролцоогүй гишүүнийг эгүүлэн татах заалтыг хуулийн төсөлд тусгасан байна.

Түүнчлэн УИХ-ын гишүүний насны доод хязгаарын босгыг өндөрсгөж 30 болгон нэмэгдүүлэхээр тусгасан бөгөөд үндсэн хуулийг дордуулсан долоон өөрчлөлтийн нэг хэмээгддэг давхар дээлний асуудлыг гуравны нэгээр хязгаарлах, ээлжит чуулган 50 хоног хуралдаж байгааг 75 болгох, хуулийг эцэслэн батлахдаа УИХ-ын гишүүдийн олонхын саналаар батлах, УИХ үүргээ биелүүлж чадахгүй бол тарах зэрэг заалтуудыг тусгажээ.

Эх сурвалж: https://ikon.mn/n/1c8n