МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

           Монгол Улсын Их Хурлаас 2018 оны 6 сарын 29-ны өдөр “Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хууль батлагдсан бөгөөд хууль батлагдсантай холбоотойгоор дараах нэмэлт өөрчлөлт орсон байна. Үүнд:

           Улсын Их Хурлын гишүүний хариуцлагыг нэмэгдүүлэх замаар Улсын Их Хурлын үйл ажиллагааг сайжруулах хүрээнд хуралдааны ирцэд бүртгүүлэх, асуулт асуух, үг хэлэх, цахим тоолуураар санал өгөхөд биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-өөр идэвхждэг систем бүхий цахим тоолуурыг ашиглах, гишүүн чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанд оролцсон ирцийн мэдээг сар бүр гаргаж, олон нийтэд мэдээлэх, гишүүн нэгдсэн хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй бол тасалсан өдрийн цалинг олгохгүй байх, гишүүн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдолгүй асуудлаар үг хэлвэл хуралдаан даргалагч нэг удаа сануулах, сануулгыг зөрчвөл тухайн үг хэлэх хугацааг дуусгавар болгох зохицуулалтуудыг шинээр тусгасан.

           Хууль тогтоомжийн төсөл, бусад асуудал хэлэлцэх дэгийг боловсронгуй болгох хүрээнд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж Цэцээс хүчингүй болгосонтой холбогдуулан Улсын Их Хурлаас холбогдох хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг Үндсэн хуульд нийцүүлэн нэмэлт, өөрчлөлт оруулах, Байнгын хорооны хуралдаанаар холбогдох байгууллага, албан тушаалтны мэдээллийг сонсох дэгийг тогтоохоор заасан.

           Түүнчлэн чуулганы хуралдаанд тайлбар хийж, асуултад хариулж байгаа албан тушаалтан бодитой, үнэн зөв мэдээлэл өгөх, асуултад бүрэн хариулахыг үүрэг болгох, гишүүн хуралдааны үед авсан нэмэлт хариулт, тайлбар хангалтгүй гэж үзвэл гишүүний саналаар 2 хүртэл удаа тус бүр 1 минутаас илүүгүй хугацаагаар дахин нэмэлт асуулт асууж, тайлбар авах боломжийг бүрдүүлэх зэрэг зохицуулалтыг хуульд шинээр нэмж тусгасан.

           Хууль батлагдсанаар Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаа илүү боловсронгуй болж, хууль тогтоомжийн төсөл хэлэлцүүлэхэд тулгарч байсан асуудлууд шийдвэрлэгдэх, Улсын Их Хурлын гишүүний хариуцлага нэмэгдэх хууль зүйн эерэг үр дүн гарч, цаашлаад хууль тогтоомжийн чанар сайжрах, тогтвортой байхад сайнаар нөлөөлөх ач холбогдолтой болсон.

 

Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс