ЭД ХӨРӨНГӨ ХӨЛСЛӨХ ГЭРЭЭ, ТҮҮНИЙ ТУСГАЙ ТӨРӨЛ БОЛОХ ТҮРЭЭСИЙН ГЭРЭЭНИЙ ТАЛААР
Эд хөрөнгө хөлслөх гэрээ, түүний тусгай төрөл болох түрээсийн гэрээний талаарх мэдээллийг хүргүүлж байна. Түрээсийн гэрээ нь түгээмэл хэрэглэгдэх, бусдын эзэмшил, ашиглалтад хөрөнгө шилжүүлэх гэрээний төрөлд хамрагдана.
Түрээсийн гэрээний ерөнхий ойлголт
Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт зааснаар Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. Эд хөрөнгө хөлслөх гэрээний гол агуулга нэг буюу хэд хэдэн эд зүйлийг ашиглуулах зорилгоор тодорхой хугацаанд эзэмшлийг шилжүүлэх явдал байдаг. Уг гэрээний тусгай төрлүүд нь Санхүүгийн түрээс, Түрээсийн гэрээ, Хөдөө аж ахуйн зориулалттай газрын түрээс, Франчайз байна.
Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь тодорхой хөрөнгийг хөдөө аж ахуйн болон ахуйн зориулалтаар нөгөө талын эзэмшил, ашиглалтад шилжүүлж, гэрээний хугацааны турш үр шимийг хүртэх боломж олгохоор амлах, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Түрээсийн гэрээний хувьд хөрөнгийг ашиглахаас гадна түүний үр шимийг хүртдэг онцлогтой. Тиймээс гэрээний обьект нь үр шим болгох бололцоо бүхий биет болон биет бус хөрөнгө байдаг. Энэ утгаар эд хөрөнгө хөлслөх гэрээнээс ялгагдана.
Харин эд хөрөнгө хөлслөх гэрээний обьект нь биет хөрөнгө байна. Жишээлбэл орон сууц хөлслөх тохиолдолд орон сууц хөлслөх гэрээ байгуулагдана.
Хөдөө аж ахуйн зориулалттай газар түрээслэхээс бусад тохиолдолд түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ.
Гэрээний хэлбэрийн шаардлага
Эд хөрөнгө хөлслөх гэрээ, түүний тусгай төрлийн бүх гэрээ бичгээр байгуулна. Харин түрээсийн гэрээг бичгээр байгуулж, үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ. Энэ хуулийн шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.
Үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь бусдад түрээслэх нөхцөлд үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд гэрээг заавал бүртгүүлэх, харин үл хөдлөх хөрөнгийн хэсгийг түрээслэх нөхцөлд гэрээг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэхгүйгээр бичгээр байгуулахад хангалттай.
Түрээсийн гэрээгээр нийтлэг үндэслэл, гэрээний зүйл, түрээсийн төлбөр, гэрээний хугацаа, талуудын эрх үүрэг, хариуцлага, гэрээг цуцлах үндэслэл, маргаан шийдвэрлэх журам, бусад зэрэг асуудлыг зохицуулж болно.
Түрээсийн төлбөр, гэрээний хугацаа
Түрээсийн төлбөрийг мөнгө, эсхүл өөр хэлбэрээр төлөхөөр тохиролцож болно.
Түрээсийн гэрээний хугацааг талууд тохиролцож тогтооно. Түрээсийн гэрээг арваас дээш жилийн хугацаатай хийсэн бол арван жил өнгөрмөгц аль нэг талын санаачилгаар, хуульд заасан журмаар гэрээг цуцалж болно.
Засан сайжруулалтын тухай
Засан сайжруулалт нь доголдлыг яаралтай засаж, ингэснээр түрээслэсэн эд хөрөнгийг буцаан хэвэнд нь оруулахад зайлшгүй шаардлагатай байсан бол түрээслүүлэгч засан сайжруулалтын зардлыг нөхөн төлнө.
Гэрээнд түрээслэгч засвар, үйлчилгээг хариуцахаар тохирсон бол зардлыг түрээслүүлэгч хариуцахгүй. Эсвэл гэрээнд засан сайжруулалт хийхээр бол түрээслүүлэгчээс бичгээр зөвшөөрөл авах үүрэгтэй гэж зохицуулах нь хойшид маргаан гарахаас сэргийлнэ.
Түүнчлэн эд хөрөнгө болон түүний зориулалтыг өөрчилсөн явдал бүхэн засан сайжруулалт болохгүй.
Хэрэв түрээслэгч эд хөрөнгөд салгаж авч болох засан сайжруулалт хийсэн бол үүнийгээ салгаж авах эрхтэй. Ийнхүү засан сайжруулалтыг салгаж авсан бол мэдээж эд хөрөнгийг анхны байдалд нь буцаан оруулах ёстой.