ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ

Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 06 сарын 26-нын өдрийн А/409 тоот тушаалаар Хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулах, хяналт тавих журам баталагдсан байна.

Энэхүү Хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулах, хяналт тавих журмыг Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх шалгуур, нөхцөл, бүрдүүлэх баримт бичиг, зөвшөөрөл олгох үйл ажиллагааны зохион байгуулалт, түүнд хяналт тавихад баримтална.

ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх шалгуур, нөхцөл, бүрдүүлэх баримт бичиг, зөвшөөрөл олгох үйл ажиллагааны зохион байгуулалт, түүнд хяналт тавихад энэхүү журмыг баримтална.

1.2. Энэхүү журам нь төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, байгууллагын цэцэрлэгт хамаарахгүй.   

Хоёр. Хүүхэд харах үйлчилгээний шалгуур

2.1 Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх орон сууц, байшин барилга, өрөө танхим, гэрийн гадаад, дотоод орчин нь “Хүүхэд харах үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага” MNS 6540:2015 Монгол Улсын стандартад нийцсэн байна.

2.2 Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх иргэн нь Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасан нийтлэг шаардлагыг ханган, сум, дүүргийн Засаг даргаас үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан байх шаардлагатай.

2.3 Хүүхэд харагч нь бага насны хүүхэдтэй харилцах, хүүхдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах, зөв хооллох, бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийг дэмжих арга зүйн сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан байна.

Гурав. Бүрдүүлэх баримт бичиг

            3.1 Иргэн нь Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлт гаргахдаа дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:

            3.1.1. хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл хүссэн өргөдөл;

3.1.2. боловсролын диплом, бүрэн дунд боловсролын үнэмлэх, иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хувь;

3.1.3 энэхүү журмын 2.3 дах хэсэгт заасан сургалтад хамрагдаж авсан гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хувь;

3.1.4 гэмт хэрэгт холбогдож байгаагүйг нотлох цагдаагийн байгууллагын тодорхойлолт;

3.1.5 халдварт болон сэтгэцийн өвчингүй болохыг тодорхойлсон магадлан итгэмжлэгдсэн эмнэлгийн байгууллагын дүгнэлт;

3.1.6 үүсгэн байгуулагчийн өөрийн өмчлөлийн байр, түрээсийн байр, зээлийн байр, гэр болохыг нотолсон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хувь;

3.1.7. хүүхэд харах үйлчилгээ эрхлэх обьектын гадаад, дотоод орчин нь “Хүүхэд харах үйлчилгээний нийтлэг шаардлага, стандарт”-ыг хангасан талаарх баг, хорооны Засаг даргын дүгнэлт;

3.2. Баг, хорооны Засаг дарга энэхүү журмын 3.1.7-д заасан дүгнэлт гаргахдаа аймаг, нийслэлийн Боловсрол, соёл урлагийн газрын даргын тушаалаар батлагдсан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэл болгоно. Ажлын хэсэгт аймаг, /дүүрэг/-ийн боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллагын сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн, мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагч, баг, хорооны нийгмийн ажилтан, эцэг эхийн төлөөлөл оролцоно.

          Дөрөв. Үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох, хугацаа сунгах

4.1. Хүүхэд харах үйлчилгээ эрхлэхийг хүссэн иргэн тухайн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор энэхүү журмын 3.1-т заасан баримт бичгийг бүрдүүлж, сум, дүүргийн Засаг даргад ирүүлнэ.

4.2. Сум, дүүргийн Засаг дарга баримт бичгийг хянан үзэж, зөвшөөрөл олгох эсэх асуудлыг 14 хоногийн дотор шийдвэрлэнэ. Шинээр зөвшөөрөл авсан хүүхэд харагч, хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж байгаа хүүхдийн талаарх мэдээллийг “Хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгох журам”-ын 5.1.1, 5.1.2-т заасны дагуу бүрдүүлж, Аймаг, нийслэлийн Боловсролын газарт 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор хүргүүлнэ.

4.3. Аймаг, нийслэлийн Боловсролын газар шинээр зөвшөөрөл авсан болон үйл ажиллагаа явуулж байгаа хүүхэд харагч, хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж байгаа хүүхдийн талаарх мэдээллийг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор ирүүлнэ.

4.4. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 4.3-т заасан мэдээллийг судлан, шалгаж тухайн жилийн дараагийн төсвийн жилд хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах хүүхдийн тооны хязгаарт тусгана. 

4.5. Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа 2 жил байна. Зөвшөөрлийн хугацааг Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн 13.4 дэх хэсэгт үндэслэн аймаг, нийслэлийн Боловсролын газар сунгана.

Тав. Хүүхэд харагч бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх сургалт

5.1. Хүүхэд харагч бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх сургалтыг аймаг /дүүрэг/-ийн боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Сургуулийн өмнөх боловсролын сургуультай хамтран 3 үе шаттай зохион байгуулна.

5.1.1. Хүүхэд харагчийг бэлтгэх анхан шатны сургалт 3 кредит цаг, гэрчилгээний хүчинтэй хугацаа 1,5 жил байна.

5.1.2. Хүүхэд харагчийг мэргэжил дээшлүүлэх хоёр дахь шатны сургалт 3 кредит цаг, гэрчилгээний хүчинтэй хугацаа 2 жил байна.

5.1.3. Хүүхэд харагчийг мэргэжил дээшлүүлэх гурав дахь шатны сургалт 3 кредит цаг, гэрчилгээний хүчинтэй хугацаа 3 жил байна.

Зургаа.Хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулах

6.1. Хүүхэд харагч нь хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчтай хүүхдийн эрүүл, аюулгүй байдал, асран хамгаалуулах, хөгжих орчин, нөхцөлийг бүрдүүлэх талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхойлсон гэрээ байгуулна.

6.2. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ердийн хүүхэдтэй хамт үйлчилгээнд хамруулах тохиолдолд нэг хүүхэд харагчид ногдох хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо нэгээс илүүгүй байна.

6.3. Хүүхэд харах үйлчилгээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дагнан хамруулах тохиолдолд энэ чиглэлээр мэргэшсэн хүн хүүхэд харагчаар ажиллана. Нэг хүүхэд харагчид ногдох хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо гурваас илүүгүй байна.

6.4. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эмчийн магадлагааг үндэслэн хүүхэд харах үйлчилгээнд хамруулах эсэхийг тогтооно.

6.5. Хүүхэд харах үйлчилгээний зөвшөөрөл авсан иргэн нь энэ журмын 5.1.1-д заасан сургалт болон эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдсан иргэнийг сайн дурын үндсэн дээр дэмжин туслагчаар авч цалинжуулан ажиллуулж болно.

6.6. Хүүхэд харагч нь тус журмын 6.5-д заасан иргэнийг ажиллуулах тохиолдолд аймаг, нийслэлийн Боловсролын газарт заавал мэдэгдэнэ.

6.7. Эцэг эх, асран хамгаалагч нь хүүхдийн ирцийн бүртгэлийн дэвтэрт өглөө хүүхдээ хүлээлгэн өгөх, орой хүлээн авах бүртээ гарын үсэг заавал зурж баталгаажуулна.

6.8. Хүүхэд харагч нь хүүхэд харах явуулын үйлчилгээ эрхлэх тохиолдолд үйлчилгээний гадаад, дотоод орчин нь “Хүүхэд харах үйлчилгээний нийтлэг шаардлага, стандарт”-ыг хангасан байх бөгөөд тухайн орон нутгийн захиргаанд заавал мэдэгдэнэ.

6.9.Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгч нь зөвшөөрөл авснаас хойш хүүхэд харах байраа өөрчилсөн тохиолдолд зөвшөөрөл олгосон байгууллагад 14 хоногийн дотор мэдэгдэж, хаягийн өөрчлөлт хийлгэнэ.

Долоо. Хүүхэд харах үйлчилгээнд эцэг, эх,

асран хамгаалагчаас төлөх төлбөрийн дээд хэмжээ

7.1. Эцэг эх, асран хамгаалагч нь хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр хүүхэд харах үйлчилгээний орчинг сайжруулах, илүү цагаар ажиллах, хүүхэд хөгжүүлэх сургалтын тусгай хөтөлбөр хэрэгжүүлэхэд шаардагдах нэмэлт төлбөр төлж болно.

7.2. Эцэг эх, асран хамгаалагчийн сард төлөх нэмэлт төлбөрийн дээд хэмжээ нь улсын төсвөөс олгож буй хоолны болон нормативт зардлын нийлбэрийн 60 хувиас хэтрэхгүй байна.

Найм. Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгч, эцэг эх, асран хамгаалагч, төрийн захиргааны байгууллагын үүрэг

8.1. Аймаг, /дүүрэг/-ийн Боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага дор дурьдсан үүрэг хүлээнэ:

8.1.1. энэхүү журмын 5.1-д зааснаас гадна хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх;

8.1.2. хүүхэд харах үйлчилгээний мэдээллийг энэхүү журмын 4.3-т заасан хугацаанд холбогдох байгууллагад хүргүүлэх;

8.1.3. хүүхдийн эрх ашиг хохирох, хүүхэд харах үйлчилгээтэй холбоотой аливаа зөрчил, гомдлыг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэх;

8.1.4. хүүхэд харах үйл ажиллагаанд байнгын хяналт тавих.

8.2. Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгч дор дурьдсан үүрэг хүлээнэ:

8.2.1. хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах;

8.2.2. хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх;

8.2.3. хүүхдийг сэтгэл зүйн болон бие махбодийн хүчирхийлэл, үл хайхрах явдалд өртүүлэхгүй байх;

8.2.4. хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх аливаа үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх;

8.2.5. хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийг дэмжих үйл ажиллагааг цагийн хуваарийн дагуу зохион байгуулах.

8.3. Эцэг эх, асран хамгаалагч дор дурьдсан үүрэг хүлээнэ:

8.3.1. хүүхдээ эрүүл мэндийн үзлэгт улирал бүр тогтмол хамруулах;

8.3.2. хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчтэй хүүхдийн эрүүл, аюулгүй байдал, хөгжлийн чиглэлээр хамтарч ажиллах;

8.3.3. хүүхэд харах үйлчилгээний явцад байнга хяналт тавих.

 

 

Ес. Хүүхэд харах үйлчилгээний хяналт

9.1.Аймаг, нийслэлийн Боловсролын газар, мэргэжлийн хяналтын байгууллага, баг, хороо, сум, дүүргийн Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэрийн хүүхэд харах үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилтэд хамтран хяналт тавьж, ”Хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгох журам”-ын 5.5-д заасан  үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

9.2. Баг, хороо, сум, дүүргийн нийгмийн ажилтан нь хүүхдийн эрхийн хууль тогтоомжийн хэрэгжилт, энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавина.

9.3. Эцэг эх, асран хамгаалагчийн зүгээс дараах чиглэлээр хяналт тавина:

9.3.1. хүүхдийн аюулгүй байдал, хоол, хүнс, хөгжүүлэх үйлчилгээний чанарт;

9.3.2. хүүхэд харах үйлчилгээнд зориулан олгосон санхүүгийн дэмжлэгийн зарцуулалтад;

9.3.3. хүүхдийн ирцийн бүртгэлийн дэвтэрийн хөтлөлт болон санал хүсэлтийн дэвтэртэй эсэхэд;

9.3.4. хүүхэд харагчийн хүүхэдтэй ажиллаж буй арга барил, харилцааны соёл, зан байдалд.