АЖЛЫН ЦАГ, 7 ХОНОГ БҮРИЙН АМРАЛТЫН ТУХАЙД

Нэг. Ажлын цаг, 7 хоног бүрийн амралтын тухайд

Хөдөлмөрийн тухай хуульд ажилтны ердийн ажлын өдрийн үргэлжлэл 8 хүртэл цаг, долоо хоногийн ажлын цаг 40 хүртэл цаг байхаар хуульчилсан бөгөөд уг хязгаарыг баримтлан байгууллага хөдөлмөрийн дотоод журмаараа ажлын өдрийн үргэлжлэх цагийг тогтооно. Ажил олгогчийн санаачилгаар буюу хөдөлмөрийн дотоод журмын тогтоосон ажлын цагийн хуваарийн дагуу ажилтныг өдөрт 8 цагаас хэтрүүлэн ажиллуулсан бол илүү цагаар ажиллуулсан гэж үздэг.

Мөн тасралтгүй ажиллагаатай үйлдвэрлэл, хүн амын үйлчилгээний байгууллагаас бусад байгууллагад ажил олгогчийн санаачилгаар нийтээр амрах баярын болон долоо хоногийн амралтын өдөр /бямба, ням гарагт/ ажилтныг ажиллуулахыг хуулиар хориглосон боловч ажил олгогч, ажилтан 2 хөдөлмөрийн гэрээгээр харилцан тохиролцож дээрх өдрүүдэд ажиллаж болохоор заажээ.

Ажлын онцлогоос болж долоо хоногийн хоёр амралтын өдөр ажилладаг ажилтныг өөр дараалсан 2 өдөр амраана. Ийнхүү долоо хоногийн амралтын өдөр ажилладаг ажилтныг өөр дараалсан 2 өдөр амруулаагүй бол 1,5 дахин нэмэгдүүлсэн цалин хөлс олгохоор хуульчилсан байна.

Тиймээс илүү цагаар ажилласан, нийтээр амрах баярын болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амраах тушаал гаргах, эсвэл цалинг олгохдоо дээрх нэмэгдэл хөлс олгосноо баримтжуулаагүй бол эрх бүхий байгууллагаас нэмэгдэл хөлсийг олгоогүй гэсэн шийдвэр гаргах магадлалтайг анхаарна уу.

Хөдөлмөрийн гэрээ, тушаалд бичигдсэн ажилтны үндсэн цалинд илүү цагаар ажилласан, нийтээр амрах баярын болон долоо хоногийн амралтын өдөр ажилласны нэмэгдэл хөлсийг оруулан тооцдоггүй. Харин уг үндсэн цалинд үндэслэн дээрх 1,5 болон 2 дахин нэмэгдэл цалин хөлсийг сар бүр бодож олгох ёстой юм.

Хэрэв танай байгууллага хөдөлмөрийн гэрээ, тушаалд бичигдсэн ажилтны үндсэн цалинд илүү цагаар ажилласан, нийтээр амрах баярын болон долоо хоногийн амралтын өдөр ажилласны нэмэгдэл хөлсийг оруулж тооцож байгаа бол уг зөрчлөө энэ зөвлөмжийн дагуу засах нь зүйтэй.

Хоёр. Нийтээр тэмдэглэх баярын амралтын өдрүүдийн тухайд

Нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд[1] ажилтныг амраах ёстой бөгөөд Хөдөлмөрийн тухай хуульд нийтээр амрах баярын болон долоо хоног бүрийн амралтын өдөр ажил олгогчийн санаачилгаар дор дурдсанаас бусад тохиолдолд ажиллуулахыг хориглоно. Үүнд:

  1. улс орныг батлан хамгаалах, хүний амь бие, эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай ажил гүйцэтгүүлэх;
  2. байгалийн болон нийтийг хамарсан гамшиг, үйлдвэрлэлийн ослоос сэргийлэх, тэдгээрийн хор уршгийг нэн даруй арилгах;
  3. нийтийн усан хангамж, цахилгаан, дулааны эрчим хүч, тээвэр, холбооны хэвийн ажиллагааг алдагдуулсан гэмтлийг арилгах;
  4. урьдчилан мэдэх боломжгүй бөгөөд яаралтай хийхгүй бол аж ахуйн нэгж, байгууллагын буюу түүний салбар, нэгжийн хэвийн үйл ажиллагаанд учирч болзошгүй саадыг арилгах хойшлуулшгүй ажил гүйцэтгүүлэх;
  5. тасралтгүй ажиллагаатай үйлдвэрлэл, хүн амын үйлчилгээний болон хойшлуулшгүй засвар, ачиж буулгах ажил гүйцэтгүүлэх.

Ажил олгогч ажилтантай тохиролцсоноор нийтээр амрах баярын болон долоо хоног бүрийн амралтын өдөр ажиллуулж болно. Хэрвээ ажиллуулсан тохиолдолд ажилтныг өөр өдөр нөхөн амруулах, эсхүл амралтыг ээлжийн амралттай нь хамтатган олгож болно. Нийтээр амрах баярын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол дундаж цалин хөлсийг нь 2.0 дахин нэмэгдүүлж олгоно.

     Гурав. Ээлжийн амралтын тухайд

Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлэх бөгөөд ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно. Мөнгөн урамшуулал олгох журмыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцсоны үндсэн дээр ажил олгогчийн шийдвэрээр зохицуулна. Ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 15 өдөр, 18 насанд хүрээгүй, хөгжлийн бэрхшээлтэй ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа нь ажлын 20 өдөр  байна.  Ажилтан өөрийн хүсэлтээр ээлжийн амралтыг тухайн жилдээ багтаан хэсэгчлэн эдлэж болно. Хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд түүний ажилласан хугацааг харгалзан үндсэн амралт дээр нь нэмэгдэл амралт олгодог. Үүнд:

  1. 6-10 жилд ажлын 3 өдөр;
  2. 11-15 жилд ажлын 5 өдөр;
  3. 16-20 жилд ажлын 7 өдөр;
  4. 21-25 жилд ажлын 9 өдөр;
  5. 26-31 жилд ажлын 11 өдөр;
  6. 32, түүнээс дээш жилд ажлын 14 өдөр.

Ажилтанд ээлжийн амралтын хугацаанд ээлжийн амралтын олговор олгоно. Ээлжийн амралтын олговрыг ажилтны тухайн ажлын жилийн дундаж цалин хөлсний хэмжээгээр тогтооно.

Дөрөв. Гадаад ажиллах хүч, мэргэжилтний хувь хэмжээ

Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг жил бүр Монголын засгийн газар тогтоодог ба 2015 оны гадаадаас ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг Монгол улсын Засгийн газрын 2015 оны 01-р сарын 07-ны өдрийн 2 дугаарт тогтоолоор баталжээ.

Энэхүү тогтоолын хавсралтад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажиллагчдын тоонд эзлэх гадаадын ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тусгасан байна. Тухайн аж ахуйн нэгж, байгууллага нь ямар төрлийн үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаагаас, мөн нийт ажиллагчдын тооноос хамаараад гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувь нь өөр өөр байдаг. Жишээ нь:

  • Уул уурхайн олборлолт, тэр дундаа түүхий газрын тос, байгалийн хийн олборолтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компанийн нийт ажиллагчид 50 хүртэл байвал гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувь 60% хүртэл, нийт ажиллагчид нь 51-100 байвал гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувь 70% хүртэл байна.

Уг тогтоолын хавсралтад заагдаагүй салбарт гадаадаас ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тухайн байгууллагын нийт ажиллагчдын 5 хүртэл хувь байхаар тогтоосон байна.

Ажлын байрны төлбөрийн хувьд “Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай” хуулийн 9.2-т “Ажлын байрны төлбөрийн хэмжээ нь 1 сард гадаадын иргэн бүрт Монгол Улсын Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байна” гэж заасан бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2013 оны 09-р сарын 01-нээс 192000 төгрөг гэж тогтоосон байгаа болно.

 


[1] Энэ талаар 2015 оны 01-р сарын 27-ны өдрийн 41 дугаартай албан тоотоор мэдээлэл хүргүүлсэн.