“ЯЛТАН ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛС ХООРОНД БАЙГУУЛСАН ГЭРЭЭ”-Г СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАТЛАВ.
Улсын Их Хурлын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хооронд байгуулсан “Ялтан шилжүүлэх” гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэв.
Хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан нар тус тус танилцуулсан байна.
“Гэмт хэрэг үйлдэгсдийг эрүүгийн хариуцлагад татах буюу таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлэхээр шилжүүлэн өгөх тухай” гэрээг 1993 онд байгуулжээ. Улмаар “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахтан Улс хоорондын гэрээ” байгуулах тухай Казахстан улсын саналыг Монгол улсын талаас дэмжиж, хоёр улсын холбогдох байгууллагууд 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Астана хотод гарын үсэг зурсан байна.
Ялтан шилжүүлэх асуудлын хүрээнд манай улс 2014 онд хоёр иргэнээ, 2016 онд нэг иргэнээ дипломат шугамаар шилжүүлэн авсан. Мөн 2018 оны 10 дугаар сарын байдлаар манай улсын зургаан иргэн Бүгд Найрамдах Казахстан Улсад ял эдэлж байгаа бөгөөд тэднээс нэг нь эх орондоо шилжих хүсэлт гаргаад байгаа юм байна.
Засгийн газраас 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж уг хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжиж, соёрхон батлах нь зүйтэй гэж үзсэн бөгөөд хуулийн төслийг дэмжиж батлахыг Улсын Их Хурлын хуралдаанд оролцсон гишүүдийн 74.1 хувь нь дэмжсэн байна.
эх сурвалж: http://www.parliament.mn