АВТО ОСЛЫН ХЭРГИЙН ТУХАЙ

АВТО ОСЛЫН ХЭРГИЙН ТУХАЙ

Хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих


Жолоогоо бусдад шилжүүлэх гэмт хэргүүдийн талаарх тайлбар

    Хүмүүсийн хэлж заншсан “авто ослын” хэрэг буюу Эрүүгийн хуулийн 215-р зүйлд заасан “Хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээг гэм буруутайгаар зөрчсөн үйлдлийг хамааруулдаг.
   
    Гэхдээ дээр дурдсан хууль, дүрмийг зөрчсөн л бол Эрүүгийн гэмт хэрэгт холбогдлоо гэж үзэж болохгүй юм. Энэ хэргийн улмаас хүний ам нас, бие махбодь, эд хөрөнгөнд хохирол учирснаар тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж /объектив тал/ бүрддэг. Хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас наад зах нь хүний бие махбодид хүндэвтэр гэмтэл, эсхүл үлэмж хэмжээний хохирол учирснаар Эрүүгийн хэргийн шинжтэй гэж үзэж байцаан шийтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулна.
   
    Хүний биед учирсан гэмтлийн зэргийг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр заавал тогтоосон байх шаардлагатай. Харин дээрх хэргийн улмаас тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлийн үнэлгээ, хэмжээг хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй иргэн, хуулийн этгээдээр тогтоолгоно.
   
    Тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг тогтоохдоо түүний эд ангийн элэгдэл хорогдлыг хасч, түүнийг засаж сэргээхэд шаардагдах эд анги бусад материалын үнийг оруулан тооцох ба түүнийг засаж сэргээхэд шаардагдах ажлын хөлсийг тухайн этгээдийн гэм буруутай эсэхийг хэлэлцэх хохирлын хэмжээнд оруулан тооцохгүй бөгөөд хохирогч этгээд энэ зардлаа холбогдох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжилж болно. Мөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үед хэрэг ослын улмаас эвдэрч гэмтсэн тээврийн хэрэгслээрээ олох байсан орлогыг хохирлын хэмжээнд оруулан тооцдоггүй.

    Хэргийн улмаас учирсан нийт хохирлын хэмжээг тодорхойлохдоо тээврийн хэрэгсэлд учирсан хохирлоос гадна бусдын бие махбодь эрүүл мэнд бусад эд хөрөнгөнд тухайн гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас учирсан шууд хохирлыг л оруулдаг.
   
    Дээр дурдсан гэмт хэргийн улмаас “үлэмж хэмжээний” хохирол учирсан гэдэгт хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөний улмаас иргэн, аж ахуйн нэгж байгууллагад учруулсан эд хөрөнгийн шууд хохирол нь Эрүүгийн хуулийн 29-р зүйлд заасан мөнгөн илэрхийлэлд оруулсанаар тухайн хэрэг учрал болох үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-125 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний хохирол учруулсан байхыг хэлнэ. Энэ нь өнөөдрийн мөрдөгдөж байгаагаар 5 400 000 – 13 500 000 төгрөг болж байна. Өөрөөр хэлбэл 5 400 000-аас бага хэмжээний шууд хохиролтой, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн зэрэг тогтоогдоогүй, эсхүл хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон бол жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөн нь тогтоогдсон байсан ч түүний үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй болно. Энэ тохиолдолд гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хрүлээлгэхгүй харин холбогдох хуулийн дагуу Захиргааны хариуцлага хүлээлгэж болох юм.
   
    Эрүүгийн хуулийн 215-р зүйлийн 215.2, 217, 218, 219 дүгээр зүйл, 220-р зүйлийн 220.1, 221-р зүйлийн 221.1, 222-р зүйлийн 222.1 дэх хэсэгт заасан “их хэмжээний хохирол” гэдэгт эд хөрөнгийн шууд хохирол нь мөнгөн илэрхийлэлд оруулсанаар тухайн хэрэг учрал болох үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 125-200 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх /одоогоор 13 500 000-21 600 000 төгрөг/ хэмжээний хохирол учруулсан байхыг, 215-р зүйлийн 215.3, 220-р зүйлийн 220.2, 221-р зүйлийн 221.2, 222-р зүйлийн 222.2-д заасан “ онц их хэмжээний хохирол” гэдэгт эд хөрөнгийн шууд хохирол нь мөнгөн илэрхийлэлд оруулсанаар хэрэг гарах үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 200-аас дээш дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх /одоогоор 21 600 000 төгрөгөөс дээш/ хэмжээний хохирол учруулсан байхыг ойлгоно.
   
    Хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн 215-р зүйлд заасан “жолооч” гэдэгт тээврийн хэрэгсэл жолоодож байгаа тээврийн хэрэгсэл жолоодох албан ёсны эрхтэй хүмүүс төдийгүй хэрэг гарах үед албан ёсоор эрх аваагүй байсан, эрхээ хасуулсан этгээдийг ч хамааруулан ойлгоно. Харин “тээврийн хэрэгсэл гэдэгт хүн болон ачаа тээвэрлэхэд зориулсан төрөл бүрийн автомашин, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад машин, цахилгаан тээврийн хэрэгсэл, бусад механикжсан тээврийн хэрэгсэл хамаарна.
   
    Эрүүгийн хуулийн 222-р зүйл буюу “Жолоогоо бусдад шилжүүлэх” гэмт хэргийн тухайд
тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээд бусдад жолоогоо шилжүүлж түүнээс жолоо шилжүүлж авсан этгээд зөрчил гаргасан л бол гэмт хэрэгт холбогдлоо гэх ойлголт иргэдийн дунд түгээмэл байдаг. Энэ нь буруу юм.
   
    Ямар тохиолдолд зээрх зөрчил нь “жолоогоо бусдад шилжүүлэх” гэмт хэрэг болох вэ?

Жолоо шилжүүлэн авсан этгээд:

    1. Согтуурсан, мансуурсан байх,
    2. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байх,
    3. Уг хэргийн улмаас хүний бие махбодид хүндэвтэр гэмтэл, их хэмжээний /13500000-21600000 төгрөг/ хохирол учирсан байх,

    Эдгээр шинжүүд нь дээрх гэмт хэргийг захиргааны зөрчлөөс ялган шийдвэрлэх ихээхэн ач холбогдолтой болно. Өөрөөр хэлбэл согтуурсан буюу мансуурсан этгээдэд, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоо шилжүүлсэний улмаас хүний бие махбодид хүндэвтэр гэмтэл, их хэмжээний /13500000-21600000 төгрөг/ хохирол учирсан байвал гэмт хэрэг болно.

    Түүнээс гадна тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээд согтуурсан, мансуурсан жолоодох, эрхийн үнэмлэхгүй /согтуугаас гадна эрхгүй/ этгээдэд жолоо шилжүүлсэнээс дээр дурдсан хор уршиг бий болсон бол Эрүүгийн гэмт хэрэг гэж тооцох нь хэнд ч ойлгомжтой. Гол нь Эрүүгийн хуулийн 222-р зүйлд заасан гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй тул наад зах нь хүний бие махбодид хүндэвтэр гэмтэл, их хэмжээний /13500000-21600000 төгрөг/ хохирол учирсан байж л гэмт хэргийн шинжтэй болно.

    Тэгвэл согтуурсан буюу мансуурсан этгээд гэж хэнийг ойлгох вэ?

    УДШ-ийн 2006-05-29-ний 27-р тогтоолын 15-д зааснаар согтуурсан буюу мансуурсан этгээд гэдэгт Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 3-р зүйлд заан тодорхойлсон архи согтууруулах ундаа болон мансууруулах сэтгэцэдк нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсний улмаас өөрийн үйл ажиллагаагаа удирдан жолоодох чадваргүй болсон, өөртөө хяналт тавих чадваргүй болсон этгээдийг ойлгоно. Мөн тогтоолд зааснаар өөрийн үйл ажиллагаагаа удирдан жолоодох чадваргүй болсон, өөртөө хяналт тавих чадваргүй болсон байдал гэдэг нь хүрээлэн буй юмс үзэгдлүүдийг зөв тусгах, ба танин мэдэх сэтгэцийн үйл ажиллагаа алдагдан тэдгээрийг гаж буруугаар, хий хоосноор, хувирч өөрчлөгдсөнөөр тусгах, тэдгээрийн хоорондын харилцаа холбоог саланги тасархай авцалдаагүй байдлаар хүлээж авах, буруу ойлгох зэрэг хэвийн бус байдлыг хэлнэ.
   
    Согтуурлын хэмжээг зориулалтын согтуурал хэмжигч багаж /драгерь, алкотест гэх зэрэг/ хэрэгсэлээр болон холбогдох этгээдийн цусанд этилийн спиртийн агууламж хэр зэрэг байгааг тогтоох шүүх эмнэлгийн шинжилгээгээр, мансуурлын байдлыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр заавал нотолсон байх шаардлагатай. Практик дээр хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч нар согтуурлын хэмжээ мансуурлын байдлыг зөвхөн тухайн үед байсан гэрчээр нотлуулах төдийхнөөр аргацааж прокурор, шүүхийн байгууллагад шилжүүлдэг. Энэ нь тухайн этгээдийн гэм буруугийн асуудлын шийдвэрлэхэд хангалтгүй юм.
   
    “Жолоодох эрхийн үнэмлэхгүй этгээд” гэдэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх аваагүй, захиргааны шийтгэлийн журмаар болон шийтгэх тогтоолоор жолоодох эрхээ хасуулсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй боловч тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдийг хамааруулан ойлгоно. Жишээ нь зөвхөн “В” ангиллын суудлын тэрэг жолоодох эрхтэй этгээд ачааны машин жолоодож яваад хэрэг зөрчилд холбогдон хуульд заасан хор уршиг бий болгосон бол түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд гэж үзэн асуудлыг шийдвэрлэнэ. Харин жолооны эрхийн үнэмлэх авсан боловч тухайн хэрэг учрал болох үед биедээ авч яваагүй, гээж үрэгдүүлсэн боловч нөхөн авч амжаагүй байдал нь түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй гэж үзэн буруутгах үндэслэл болохгүй юм.