ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН ХАРИЛЦААН ДАХЬ ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААНЫ ТУХАЙ
Иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага (Сууц өмчлөгчдийн холбоо)-оос эрх, хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалуулахаар шүүх, арбитрт нэхэмжлэл, гомдол гаргах эрх олгогдсон, хуулиар тогтоосон хугацааг хөөн хэлэлцэх хугацаа гэж ойлгож болно.
Зарим тохиолдолд маргаан бүхий нөхцөл байдал, үйл явдлын үнэн бодит байдлыг тогтооход ээдрээ, төвөгтэй байдаг бөгөөд иргэний эрх зүйн харилцаанд хөөн хэлэлцэх хугацааг баримтласнаар зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг цаг хугацаандаа хамгаалуулахад түлхэц болж байдаг.
Иргэний хуулийн 9 дүгээр бүлэгт хөөн хэлэлцэх хугацаа, түүнийг тоолох, түр зогсоох, тасалдах, өнгөрсний улмаас үүсэх үр дагаварын зохицуулсан байдаг.
Хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтыг иргэний хуульд эдийн болон эдийн бус эрх, хууль ёсны ашиг сонирхолд хамааралтай байдлаар нь тайлбарлъя. Түүнчлэн зарим хууль тогтоомжид нарийвчилсан зохицуулалтууд бий гэдгийг дурдах нь зүйтэй болов уу.
Иргэний хуульд хөөн хэлэлцэх хугацааг хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх хугацаа эдийн бус хөрөнгөд хамаарахгүй, хэрэв хуульд тусгайлан заасан бол эд хөрөнгийн зарим эрхэд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж тус тус томьёолжээ.
Иргэн, хуулийн этгээд хэн аль нь эрх нь зөрчигдсөн, эрхээ зөрчигдсөн тухайгаа мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, эсхүл гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс эрх, хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалуулах шаардлага үүсдэг. Энэ үеэс буюу шаардах эрх үүссэн үеэс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолно. Өөрөөр хэлбэл, шаардах эрх нь нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бол хөөн хэлэлцэх хугацаа нэхэмжлэгч уг үйлдлийг хийх ёстой байсан үеэс эхэлдэгээр онцлогтой.
Хөөн хэлэлцэх хугацааг хугацааны хувьд ерөнхий болон тусгай хэмээн ангилсан байна.
Ерөнхий хөөн хэлэлцэх хугацааг 10 (арав) жил гэж тодорхойлсон. Харин тусгай хөөн хэлэлцэх хугацааг дараах тохиолдолд үйлчлэхээр заажээ. Үүнд:
Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага |
3 жил |
Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага |
6 жил |
Тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага |
3 жил |
Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага |
5 жил |
зэрэг хамаарна.
Түүнчлэн талуудын хүсэлтээр шүүх хөөн хэлэлцэх, хугацаа, түүнийг тоолох журмыг өөрчилж боломжтой ч энэ нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тодорхойлогдоно.
Мөн Иргэний хуулийн 78 дугаар зүйлд хөөн хэлэлцэх хугацааг түр зогсоох зохицуулалтууд бий. Жишээ нь, Ажил гүйцэтгэх гэрээний хугацааг 6 сараар талууд хойшлуулж болох юм. Энэ тохиолдолд түр зогсох нөхцөл байдал арилсан үеэс эхлэн хугацааг үргэжлүүлэн тоолно.
Хэрэв шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагч этгээд шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдах бөгөөд энэ тохиолдолд өмнөх хөөн хэлэлцэх хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолох нөхцөл байдал үүснэ.
Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний үр дагаварын улмаас үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхийг бий болгоно. Харин үүрэг гүйцэтгэгч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг мэдээгүй байхдаа үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй. Мөн үүргээ гүйцэтгэсэн бол гүйцэтгэсэн үүргээ буцааж шаардах эрхгүй юм.
Шүүх, арбитраас тухайн маргааны хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл, тухайн хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно.