ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОХ НЬ

Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно. Мөн Хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд захиргааны хэм хэмжээний акт гаргах эрхээ бусад этгээдэд шилжүүлэхийг хориглосон байдаг.

Захиргааны хэм хэмжээний акт нь Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн өдрөөс хойш 10 өдрийн дотор “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д бүрэн эхээр нь нийтлүүлнэ.

Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүтгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ бөгөөд шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үйлчлэхгүй, мөн биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй.

 

Хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний актыг дагаж мөрдүүлснээс үүсэх үр дагаврыг захиргааны хэм хэмжээний акт гаргасан хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааний байгууллага хариуцана.

 

Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн, хүчин төгөлдөр болсон захиргааны хэм хэмжээний актыг бүрэн эхээр нь эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан болон баталсан байгууллагын цахим хуудсанд байршуулна.

 

Захиргааны хэм хэмжээний актыг үндэслэл болгох, хэсэгчлэн нийтлэх болон байгууллагын албан ёсны цахим хуудас, мэдээллийн самбарт байршуулахдаа улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн он, сар, өдөр, дугаарыг зааж өгнө.