ОРОН СУУЦНЫ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ЖУРАМ БАТЛАГДЛАА
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.76, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 8.7 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор “Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам”-ыг баталсан байна. Уг журмыг 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болсон байна.
Засгийн газрын 2018 оны 369 дүгээр тогтоолоор батлагдсан “ОРОН СУУЦНЫ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ЖУРАМ”-ын талаар:
1. Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам (цаашид “журам” гэх)-ын зорилго нь агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах зорилтыг хангах хүрээнд иргэдийг хөнгөлөлттэй зээлээр орон сууцжуулахад тавих нөхцөл, шаардлагыг тодорхойлох болон орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг олгох, зарцуулах, түүнд хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Орон сууцны хөнгөлөлттэй зээл олгохтой холбоотой энэ журмаар зохицуулаагүй асуудлыг Монголбанкны Ерөнхийлөгчийн баталсан “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-аар зохицуулна.
2. Орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагдах орон сууцанд тавих шаардлага
Дараах шаардлагыг хангасан нийтийн зориулалттай орон сууц худалдан авах иргэнд орон сууцны хөнгөлөлттэй зээл олгоно:
-Орон сууц хувьчлах тухай хуулийн 3.1, 3.3-т заасан тодорхойлолтод нийцсэн;
- Аймаг, нийслэл, хот тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, орон сууцны хотхон, хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдсан;
- Барилгын тухай хуулийн 35.1-д заасан эрх бүхий байгууллагын шийдвэрээр ашиглалтад хүлээн авсан;
- Нийт талбайн хэмжээ 80 м2-аас ихгүй.
Дараах шаардлагыг хангасан амины орон сууц худалдан авах иргэнд орон сууцны хөнгөлөлттэй зээл олгоно:
-Аймаг, нийслэл, хот тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, орон сууцны хотхон, хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдахаар төлөвлөгдсөн;
-Инженерийн дэд бүтцийн шийдэлтэй байх;
- Эрчим хүчний хэмнэлттэй, Барилга, хот байгуулалтын сайдын баталсан “Нэг айлын сууц”, “Нэг айлын орон сууцны барилгын төлөвлөлт, угсралт” барилгын норм ба дүрмийн шаардлага хангасан;
- Амины орон сууцны нийт талбайн хэмжээ 120 м2-аас ихгүй;
- Энэ журмын 1.4-т заасан цахим мэдээллийн нэгдсэн сангаас амины орон сууцны нэг маягийн зураг төслийг сонгосон, эсхүл энэ журмын 2.2.1-2.2.4-т заасан шаардлагыг хангасан амины орон сууцны зураг төсөлтэй байх.
- Орон сууцны нийт талбайн хэмжээг “Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал” MNS 6058:2009 стандартын дагуу тооцно.
3. Зээлдэгчид тавих шаардлага:
3.1. Зээл хүсэгч нь дараахь шаардлагыг хангасан байна:
-18 насанд хүрсэн, Монгол Улсын иргэн, эрх зүйн бүрэн чадамжтай байх;
- Банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээлийн өр, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөрийн үүрэг хүлээгээгүй байх;
- Өөрийн өмчлөлийн нийтийн зориулалттай орон сууцгүй болохыг тодорхойлсон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хариуцсан байгууллагын лавлагааг гаргуулсан байх. Энэ шаардлага дараахь этгээдэд хамаарахгүй:
- Ашиглалтын шаардлага хангахгүй нь тогтоогдсон орон сууц өмчлөгч;
- 18 насанд хүрээгүй байхдаа гэр бүлийн гишүүдийн хамтаар орон сууц өмчилж байсан иргэн.
- Төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны хөнгөлөлттэй зээлд өмнө нь хамрагдаж байгаагүй байх. Энэ заалт өмнө нь орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамтран зээлдэгчээр оролцож байсан этгээдэд хамаарахгүй;
- Барьцаалбар үйлдсэн байх;
- Эд хөрөнгийн өмчлөх эрхийн талаар гуравдагч этгээдэд шаардах эрх үүсээгүй байх;
4. Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн ерөнхий нөхцөл:
Арилжааны банк шаардлага хангасан зээл хүсэгчид орон сууцны хөнгөлөлттэй зээлийг олгоно. Орон сууцны хөнгөлөлттэй зээл дараахь нөхцөлтэй байна:
- Зээлийн барьцаа хөрөнгө нь энэ журмын 2.1, 2.2-т заасан шаардлагыг хангасан орон сууц байх;
- Зээлийн хугацаа 360 хүртэл сар;
- Зээлийн жилийн хүү нь 8 хувь;
- Бүрэн хорогдох, тогтмол хүүтэй;
- Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн урьдчилгаа төлбөрийн доод хэмжээ орон сууцны нийт үнийн дүнгийн 30 хувиас багагүй, зээл үнэлгээний харьцаа 70 хувиас ихгүй байх;
- Зээлдэгчийн төлөх сар бүрийн төлбөр нь өрхийн татварын өмнөх орлогын 45 хувиас ихгүй байх;
- Амины орон сууц барих зориулалтаар авах зээлдэгчийн авч болох нийт зээлийн дээд хэмжээ 60.0 (жаран) сая төгрөгөөс ихгүй байх;
- Орон сууцны зээлийн хугацааг сунгахгүй байх;
- Зээлийн хугацаа дуустал холбогдох хууль тогтоомжийн дагуу амь нас, эрүүл мэндийн болон барьцаа хөрөнгийн даатгалд хамрагдах.
- Зээлдэгч зээлийн үндсэн төлбөрийг гэрээгээр тогтоосон хугацаанаас өмнө хэсэгчлэн, эсхүл бүрэн төлөх эрхтэй байх бөгөөд энэ талаар зээлийн гэрээнд тусгана. Энэ тохиолдолд үндсэн төлбөрийг хугацаанаас өмнө төлөхтэй холбоотойгоор зээлдэгчээр аливаа торгууль, шимтгэл, хураамж төлүүлэхийг хориглоно.
- Зээлдэгч зээлийн төлбөрийг урьдчилж төлсөн тохиолдолд зөвхөн зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдлээс хорогдуулж тооцох бөгөөд зээлийн эргэн төлөлтийн хуваарийг тухай бүр тодотгон, шинэчлэн батална.
- Зээлдүүлэгч энэ журмын 4.3, 4.4-т заасныг зөрчин гэрээ байгуулахыг шаардах болон торгууль, шимтгэл, хураамж төлөхийг шаардсан, төлүүлсэн талаарх гомдлыг зээлдэгч Монголбанкинд гаргаж, хохирлоо арилжааны банкнаас гаргуулан авах эрхтэй байна.
5. Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт
- Засгийн газраас орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийн хэмжээг тухайн жилийн улсын төсөвт тусган батлуулах бөгөөд Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооны хооронд орон сууцны хөнгөлөлттэй зээлийн гэрээг байгуулан Монголбанкаар дамжуулан арилжааны банкинд олгоно.
- Арилжааны банкинд олгосон зээлийн эх үүсвэрийн зарим хэсгийг холбогдох хууль, журмын дагуу ипотекийн зээлээр баталгаажсан бондоор эргүүлэн төлүүлж болно.
Эх сурвалж: www.legalinfo..mn