“ТАМГА, ТЭМДЭГ ХИЙЛГЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ, ЛАВЛАГАА ОЛГОХ ЖУРАМ”-ЫН ТУХАЙ
Хууль зүй дотоод хэргийн сайдын 2018 оны 11-р сарын 19-ний өдрийн А/216 дугаартай тушаалын хавсралтаар “Тамга, тэмдэг хийлгэх үйл ажиллагаанд хяналт тавих, лавлагаа олгох журам”-ыг шинэчлэн баталжээ.
Хуулийн этгээдэд тамга, тэмдгийн хяналтын дугаар олгох, хүчингүй болгох, лавлагаа олгоход энэ журмыг баримтлах ба өмнө үйлчилж байсан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн А/159 дүгээр тушаалаар батлагдсан журмыг хүчингүй болгосон.
Хуулийн этгээдэд тамга, тэмдгийн хяналтын дугаар /цаашид “хяналтын дугаар” гэх/ олгох, хүчингүй болгох, лавлагаа олгоход уг журмыг баримтлах ба хяналтын дугаар олгох болон дахин олгох, олгогдсон хяналтын дугаар, тамга, тэмдгийг хүчингүй болгох, хураалгасан тамга, тэмдгийг устгах, лавлагаа олгох үйл ажиллагааг улсын бүртгэлийн байгууллага хэрэгжүүлнэ.
Хуулийн этгээдийн тамга, тэмдэгт хуулийн этгээдийн нэр, хэлбэр, регистрийн дугаар, тамга, тэмдгийн үйлдвэрийн код, хяналтын дугаар бичигдсэн байна. Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар, зохион байгуулалтын бүтцийн нэгжийн тэмдэгт харьяалах дээд шатны байгууллагын нэр, регистрийн дугаар, нэгжийн нэр, тамга, тэмдгийн үйлдвэрийн код, хяналтын дугаар бичигдсэн байна. Хуулийн этгээд тамга, тэмдгээүрэгдүүлсэн тохиолдолд тухайн хуулийн этгээдийн эрх бүхий этгээд цагдаагийн байгууллагад мэдэгдэж бүртгүүлнэ
Хяналтын дугаарыг улсын бүртгэлд бүртгүүлэх
Уг дугаарыг бүртгүүлэх өргөдлийг дараах этгээд цаасан, эсхүл цахим хэлбэрээр гаргана:
· хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага;
· хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч;
· хоёр буюу түүнээс дээш үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчтэй хуулийн этгээдийн тухайд тогтоол, шийдвэрээр эрх олгогдсон этгээд;
· итгэмжлэлээр эрх олгогдсон этгээд;
· хуульд заасан эрх бүхий бусад этгээд.
Хяналтын дугаарын улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримт бичиг
Хяналтын дугаар бүртгүүлэхийг хүссэн өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргана:
· шинээр, эсхүл өөрчлөн байгуулагдсан хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газар, гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрын улсын бүртгэлийн гэрчилгээ;
· олон улсын гэрээ, хэлэлцээрээр байгуулагдсан Засгийн газар хоорондын байгууллага, түүний төлөөлөгчийн газрын гэрчилгээ;
· хуулийн этгээдийн зохион байгуулалтын бүтцийн нэгжийн тухайд эрх бүхий этгээдийн шийдвэр /тогтоол/, албан бичиг, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
· улсын бүртгэлийн гэрчилгээг үрэгдүүлсэн тохиолдолд өдөр тутмын сонинд зарлуулсан зар;
· төрийн байгууллага тамга хийлгэхэд Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас олгосон зөвшөөрөл;
· сууц өмчлөгчдийн холбооны албан бичиг, гэрчилгээний хуулбар, харьяалах татварын байгууллагын тодорхойлолт;
· төрийн захиргааны төв байгууллагын харьяалах төсөл, хөтөлбөрийн нэгжийн тухайд эрх бүхий байгууллагын шийдвэр /тогтоол, тушаал/, албан бичиг;
· төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн тухайд эрх бүхий этгээдийн шийдвэр /тогтоол, тушаал/, албан бичиг, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
· өргөдөл гаргагч гадаад улсын иргэн бол паспортын хуулбар;
· итгэмжлэлээр эрх олгогдсон этгээдийн хувьд итгэмжлэл;
· үйлчилгээний хөлс төлсөн баримт.
Хяналтын дугаар дахин авах
Уг өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргана:
· ашиглах боломжгүйгээр элэгдэж хуучирсан, гэмтсэн тамга, тэмдэг;
· өнгө, загвар, хэлбэрийг өөрчлүүлэх тохиолдолд тухайн тамга, тэмдэг;
· улсын бүртгэлийн гэрчилгээ;
· улсын бүртгэлийг хүчингүйд тооцсон шүүхийн шийдвэр, эсхүл хяналтын улсын байцаагчийн дүгнэлт;
· хуулийн этгээдийн нэр, хэлбэр өөрчлөгдсөн тохиолдолд тухайн хуулийн этгээдийн тамга, тэмдэг;
· тамга, тэмдэг устсан, эсхүл хаяж үрэгдүүлсэн тохиолдолд тухайн хуулийн этгээдийн эрх бүхий этгээдийн шийдвэр, хүсэлт, өдөр тутмын сонинд зарлуулсан зарыг үндэслэн хяналтын дугаарыг хүчингүйд тооцсон тухай хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, оногдуулсан торгох шийтгэлийн хуудас /төлбөрийн баримт/-ын хуулбар;
· тамга, тэмдгийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр;
· төрийн байгууллага тамганы хяналтын дугаар дахин авахад Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас олгосон зөвшөөрөл;
· хяналтын дугаар бүхий маягтыг хаясан, үрэгдүүлсэн тохиолдолд эрх бүхий этгээдийн шийдвэр /тогтоол/, өдөр тутмын сонинд зарлуулсан зарыг үндэслэн хяналтын дугаарын улсын бүртгэлийг хүчингүйд тооцсон хяналтын улсын байцаагчийн дүгнэлт;
Хуулийн этгээдийн нэр, хэлбэр өөрчлөгдсөн тохиолдолд тухайн хуулийн этгээд тамга, тэмдгээ улсын бүртгэлийн байгууллагад хураалгаж, хяналтын дугаар дахин авна.
Улсын бүртгэлийн байгууллага хяналтын дугаар олгох, дахин олгох, хүчингүй болгох, тамга, тэмдэг үйлдвэрлэх этгээдтэй мэдээлэл солилцох, тайлан гаргах систем ашиглан бүртгэлийг хөтөлж баталгаажуулах ба хуулийн этгээд татан буугдсан, хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа зогссон үндэслэлээр улсын бүртгэлээс хасагдсан бол улсын бүртгэлийн байгууллагад тамга, тэмдгээ хураалгана.
Журамтай холбоотой бусад мэдээллийг www.legalinfo.mn цахим хуудаснаас авах боломжтой.