АХМАД НАСТНЫ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ
Монгол улсад Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийг 2006 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс мөрдөж эхэлсэн бөгөөд тус хуулийн зорилт нь ахмад настанд үзүүлэх нийгмийн хамгааллын үйлчилгээний төрөл, хэмжээг тогтоож, төрийн болон аж ахуйн нэгж, байгууллагын энэ талаар хүлээх эрх, үүргийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино. 60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай эмэгтэй Монгол Улсын иргэн энэ хуульд хамрагдана.
Ахмад настны нийгмийн хамгаалал гэдэгт дараах арга хэмжээг хамруулж ойлгоно:
- Нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмж
- Нийгмийн халамжийн тэтгэвэр
- Нийгмийн халамжийн тэтгэмж
- Тусламж, хөнгөлөлт
- Төрөлжсөн асрамжийн үйлчилгээ
- Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ
- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ
- Эрүүл мэндийн үйлчилгээ
- Нийгмийн хөгжлийн үйлчилгээ
Монгол улсын засгийн газраас 2009 оны 02 дугаар сарын 04-ний өдөр баталсан “Тусламжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай”, 2012 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр баталсан “Тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийн хэмжээг тогтоох тухай”, 2013 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр батлагдсан “Хөнгөлөлтийн хэмжээг тогтоох тухай” журмын дагуу ахмадууд дараах тусламж, хөнгөлөлтийг эдлэх эрхтэй байдаг:
- Хөл, гар, шүд (үнэт металлаар хийхээс бусад)-ний протез, сонсох, харах эрхтний ортопедийн хэрэгсэл худалдан авсан болон дотоодод хийлгэсэн зардлын үнийг 5 жил тутам нэг удаа нөхөн олгох;
- Ахмадын зориулалттай амралт, сувилалын газарт амрах эрхийн бичгийг хөнгөлөлттэй үнээр амарч сувилах хугацааг 10 хүртэлх хоногоор, нэг ор хоногт олгох хөнгөлөлтийн хэмжээ 15 000 төгрөг;
- Тэжээн тэтгэх хүүхэдгүй, эсхүл хууль ёсны тэжээн тэтгэгч нь дэмжлэг туслалцаа үзүүлэх боломжгүй нь тогтоогдсон ахмад настанд болон хүндэт донор ахмад настанд орон сууцны хөлс төлөхөд, хэрэв нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад нь жилд нэг удаа 140 000 төгрөгний мөнгөн тусламж олгох;
- Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан оршуулгын тэтгэмж авах эрх үүсээгүй, ганц бие ахмад настан нас барвал түүний оршуулгын зардалд нийгмийн даатгалын сангаас олгох оршуулгын тэтгэмжийн 75 хувьтай тэнцэх хэмжээний тусламж олгох;
- Нийслэл, аймгийн төвийн нийтийн тээврийн хэрэгсэл (таксинаас бусад)-ээр орон нутгийн харьяалал харгалзахгүй үнэ төлбөргүй зорчих;
- Худалдаа, тээвэр, холбоо, эрүүл мэнд, нийтийн үйлчилгээний газар тэргүүн ээлжинд үйлчлэх;
- Ахмад дайчин болон дайнд оролцож яваад амь үрэгдсэн иргэний эхнэр (нөхөр)-т олгох мөнгөн тусламж сар бүр 200 000 төгрөг;
- Монгол Улсын төрийн шагналт, төрийн соёрхолт, Улсын ударник, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн ахмад настанд олгох мөнгөн тусламж сар бүр 150 000 төгрөг;
- Гурав болон түүнээс дээш тооны 14 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон эх (эцэг)-д олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг жилд нэг удаа 120 000 төгрөг;
- 2 ихэр хүүхэд төрүүлж эсэн мэнд өсгөж байгаа өрх, иргэнд олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг хүүхэд тус бүрт нэг удаа 1 000 000 төгрөг;
- 3 болон түүнээс дээш ихэр хүүхэд төрүүлж эсэн мэнд өсгөж байгаа өрх, иргэнд олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг хүүхэд тус бүрт нэг удаа 3 000 000 төгрөг;
- Гэнэтийн аюул, осол, урьдчилан төсөөлөх боломжгүй бусад шалтгаанаар гэр оронгүй, гэр орон нь цаашид амьдрах боломжгүй болсон болон амьжиргааны эх үүсвэрээ алдсан өрх, хорих ангиас суллагдсан өөрийн гэр оронгүй иргэн, гэр оронгүй тэнэмэл өрх, иргэн, 18 нас хүрээгүй байхдаа бүтэн өнчин болсон 18-24 насны иргэнд гэр авахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг нэг удаа 1 200 000 төгрөг;
- Насанд хүрсэн бүрэн хараагүй иргэний холбооны зардалд үзүүлэх хөнгөлөлтийг сар бүр 20000 төгрөг;
- Нийслэл болон хот, суурин газарт нийтийн тээврийн хэрэгслээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг бүх шатны сургалтын байгууллагад хүргэж өгч, авдаг асран хамгаалагч, харгалзан дэмжигч нэг хүнд олгох унааны зардлын хөнгөлөлтийг жилд нэг удаа 200 000 төгрөг;
-
Ажиллаж байсан аж ахуйн нэгж, байгууллага нь дампуурсан буюу
татан буугдсан, түүнчлэн өөр орон нутгаас шилжиж ирснээс харьяалах байгууллага, аж ахуйн нэгж байхгүй болсон ахмад настанд билгийн тооллын хаврын тэргүүн сар-Цагаан сарын шинийн нэгэн болон бусад тэмдэглэлт өдрийг тохиолдуулан хүндэтгэл үзүүлэх зардлын хэмжээ ахмад настан тус бүрт 1 жилд 2 удаа 10 000 төгрөг; - 16-гаас дээш насны байнгын асаргаа шаардлагатай иргэнд олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж улиралд нэг удаа 60 000 төгрөг;
- Насанд хүрсэн бүрэн хараагүй иргэний холбооны зардалд үзүүлэх хөнгөлөлт сар бүр 20 000 төгрөг
Ахмад настанд жил бүрийн билгийн тооллын хаврын тэргүүн сар-цагаан сарын шинийн нэгэн болон бусад тэмдэглэлт баярын өдрийг тохиолдуулан аж ахуйн нэгж байгууллага нь ажиллаж байсан ахмад настандаа хүндэтгэл үзүүлж, бэлэг дурсгал гардуулах ба аймаг нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргын, 100 ба түүнээс дээш настай ахмад настанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээ, гарын бэлэг гардуулна.
Нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага зэрэг нь ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах, нийгмийн даатгал, халамжийн сан, тэтгэвэр тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийг сайжруулж нэмэгдүүлэх, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж биелэлтийг хангах үүрэгтэй байдаг.
Мөн бүх шатны Засаг дарга нь ахмад настны нийгмийн хамгааллын талаар тодорхой үүрэг хүлээнэ. Үүнээс дурдвал:
- Баг, хорооны Засаг дарга ахмад настанг судалж бүртгэх, хууль тогтоомжид заасан тэтгэвэр, тэтгэмж тогтоох болон тусламж үзүүлэхэд шаардагдах баримт бичгийг бүрдүүлэхэд нь дэмжлэг үзүүлж үнэн зөв тодорхойлолт гаргаж өгөх,
- Нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээнд хамруулах талаар эрх бүхий байгууллагад санал тавьж шийдвэрлүүлэх, ахмад настанг нийгмийн амьдралд идэвхитэй оролцуулах эрүүл мэндийг нь хамгаалах ажиллаж байсан аж ахуйн нэгж байгууллага нь татан буугдсан буюу өөр орон нутгаас шилжин ирсэн ахмад настныг бүртгэх,
- Нийгмийн хамгааллын талаар авах арга хэмжээ, зарцуулах төсвийн санал боловсруулж иргэдийн Төлөөлөгчдийн хуралд оруулах, ахмад настанг төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамруулах саналыг халамжийн байгууллагад уламжлах,
- Ахмад настны кабинет, төв байгуулж ажиллуулах, энэ арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг орон нутгийн жил бүрийн төсөвт тусгах гэх мэт нийгмийн хамгааллын үйл ажиллагааг сайжруулах нэмэгдүүлэх үүрэгтэй байдаг.
Ахмадуудын санаачилгаар үүсгэн байгуулагдсан бөгөөд, тэдний нийтлэг эрх ашгийг төлөөлж чадах төв байгууллагыг улсын төсвөөс, орон нутгийн байгууллагыг тухайн орон нутгийн төсвөөс тус тус санхүүжүүлэх ба тэдний үйл ажиллагааг Засгийн газар болон аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр дэмжлэг үзүүлнэ.