ӨМГӨӨЛЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2018 оны ... дугаар Улаанбаатар
сарын ... –ны өдөр хот
ӨМГӨӨЛЛИЙН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь өмгөөлөгч, өмгөөлөгчдийн мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх зүйн байдлыг тогтоож, өмгөөллийн үйл ажиллагаа, өмгөөлөгчийн эрх, үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Өмгөөллийн хууль тогтоомж
2.1.Өмгөөллийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Арбитрын тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Өмгөөллийн үйл ажиллагаанд баримтлах зарчим
3.1.Өмгөөллийн үйл ажиллагаанд дараахь зарчмыг баримтална:
3.1.1.өмгөөлөгчөө чөлөөтэй сонгох;
3.1.2.хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүндийг хүндэтгэх;
3.1.3.нууц хадгалах;
3.1.4.үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулийн хүрээнд тууштай хамгаалах;
3.1.5.хууль дээдлэх, шударга ёсыг сахих;
3.1.6.хүнлэг, энэрэнгүй байх.
4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1.“өмгөөллийн үйл ажиллагаа” гэж өмгөөлөгчийн хуульд заасны дагуу хүн, хуулийн этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор тогтвортой эрхэлж байгаа хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх ажиллагааг;
4.1.2.“өмгөөллийн нууц” гэж өмгөөлөгч өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх явцдаа үйлчлүүлэгчийн талаар олж мэдсэн, үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахуйц бүх төрлийн баримт сэлт, мэдээллийг;
4.1.3.“үйлчлүүлэгч” гэж өмгөөллийн үйл ажиллагааны явцад өмгөөлөгчөөс хууль зүйн мэргэжлийн туслалцаа авч байгаа хүн, хуулийн этгээдийг.
Өмгөөллийн тухай хуулийн өргөн мэдүүлсэн төслийг бүрэн эхээр нь ЭНД үзнэ үү.
Эх сурвалж: http://forum.parliament.mn/projects/489