ТАНЫ МЭДЛЭГТ
Би энэ сараас барьцаалан зээлдэх газар ажлуулж эхэлсэн. Хааяа хамаатан садан, найз нөхөд танилууд маань зээл авахаар ирэх юм. Тэр болгонтой гэрээг бичгээр хийх нь төвөгтэй санагдаж байна. Энэ тохиолдолд хуулийн хувьд яавал дээр вэ?
- Барьцаалан зээлдэх газраас зээл олгох гэрээг заавал бичгээр хийх ёстой. Хэрэв гэрээг бичгээр хийгээгүй бол Иргэний хуулийн 286.5 дахь хэсэгт зааснаар гэрээ хүчин төгөлдөр бус байна.
Би Хөөргөө барьцааанд тавьж Ломбарднаас 1 сая төгрөгний зээл авсан юм. Зээлийг хүүгийн хамт төлж хөөргөө авах гэтэл олдохгүй байна, өөр хүнд андуураад өгсөн байх гэх зэргээр хэлж байснаа сүүлд нь хаглаж гэмтээснээ хэллээ. Хуулийн хувьд хэрхэн би хохирлоо барагдуулах вэ?
- Барьцаалан зээлдэх газар нь гэрээний хугацаанд барьцааны зүйл болох хөөрөгний бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй байдаг. Тиймээс та хөөрөгнийхөө зах зээлийн үнийг тус Ломбарднаас шаардах боломжтой.
Манай Ломбардны зарим зээлдэгчид авсан зээлээ хугацаанд нь төлөхгүй байна. Энэ тохиолдолд хуулийн дагуу яавал зохих вэ?
- Зээлдэгч зээлдэн авсан мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх үүрэгтэй. Хэрэв хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд:
1/ Зээлдэгчид барьцаалагдсан хөрөнгийг худалдах замаар зээлийг төлүүлэх тухай мэдэгдэнэ;
2/ Дээрх мэдэгдлийн дагуу зээлээ төлөхийг 10 хоног хүлээнэ;
3/ Зээлдэгч 10 хоногийн дотор зээлээ төлөөгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдааны журмаар худалдан борлуулна;
4/ Барьцааны зүйлийг худалдаж олсон мөнгөнөөс үүргийг /зээл, зээлийн хүү, алданги, зардал/ хангуулж үлдсэн мөнгийг зээлдэгчид буцаан олгодог.
Иргэн өөрийн өмчилж авсан газраа барьцаалж Ломбарднаас зээл авч болох уу?
Барьцаалан зээлдэх газар нь үл хөдлөх хөрөнгө болох газар, орон сууц зэргийг барьцаалж болохгүй. Зөвхөн хөдлөх хөрөнгө болох авто машин, гар утас, үнэт эдлэл зэргийг барьцаалан зээл олгох журамтай.