ЖОЛООДОХ ЭРХИЙН ҮНЭМЛЭХ ОЛГОХ ЖУРАМ

     Жолоодох эрхийн үнэмлэх олгох журам нь Хууль зүйн сайдын 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн А/189 дүгээр тушаалаар батлагдсан бөгөөд 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр А/23 тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулсан болно.

    Энэхүү журмын зорилго нь Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэх болон Монгол Улсын олон улсын жолоодох эрхийн үнэмлэх олгохтой холбогдсон харилцааг зохицуулахаар тусгажээ.

     Жолоочийн үнэмлэх олгох ажлыг нийслэлд Цагдаагийн байгууллагын тусгай зөвшөөрөл олгох ажил хариуцсан нэгж, орон нутагт тухайн нутаг дэвсгэр хариуцсан замын цагдаагийн нэгж хариуцна.

     Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалт өгч тэнцсэн иргэнд дараах материалыг үндэслэн үндэсний жолоочийн үнэмлэх олгоно:

1. Иргэний үнэмлэх, гадаадын иргэн бол гадаад паспорт;

2. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалт авах журамд заагдсан үнэлгээний хуудас;

3. Эрүүл мэндийн тодорхойлолт;

4. Өнгөт цээж зураг 3х4 хэмжээтэй,1 хувь;

5. Үнэмлэхний үнэ төлсөн баримт;

6. Гадаад улсын жолоочийн үнэмлэхний Монгол хэл дээр хөрвүүлсэн баталгаат орчуулга (гадаад улсын жолоодох эрхийн үнэмлэх солих тохиолдолд) 

     Үндэсний жолоочийн үнэмлэхийг хаяж үрэгдүүлсэн, гэмтээсэн, хүчинтэй хугацаа нь дуусгавар болсон тохиолдолд нөхөж буюу сольж олгох ба олгохдоо энэ журамд заасан үнэлгээний хуудас, эрүүл мэндийн тодорхойлолт, цээж зураг, баталгаат орчуулга шаардлагагүй юм. 

     Мөн тодорхой шалтгааны улмаас (үнэмлэх хэвлэх үйл ажиллагаа тасалдсан, зогссон гэх мэт) үндэсний жолоочийн үнэмлэхийг хэвлэж олгох боломжгүй үед тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн түр зөвшөөрлийг 3 сар хүртэл хугацаатай олгож болно.

    Гадаадын иргэн Замын хөдөлгөөний тухай Венийн конвенцийн гишүүн орноос олгосон, уг конвенцид нийцсэн хүчин төгөлдөр жолоодох эрхийн үнэмлэхээ Монгол Улсын үндэсний жолоочийн үнэмлэхээр солиулах хүсэлт гаргасан тохиолдолд тохирох ангиллын үнэмлэхээр шууд сольж олгоно, олгох явцад ангиллын зөрүү гарвал үндсэн ангиллыг баримталж, Монгол Улсын иргэнд 10 жил, гадаадын иргэнд тухайн орны жолоодох эрхийн үнэмлэхний хүчинтэй хугацаагаар олгоно.

     Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон Консулын газрын дипломат төлөөлөгчид, тэдгээрийн гэр бүлийн гишүүдийн хүсэлтийг үндэслэн түүнд жолоочийн үнэмлэхтэй нь тохирох ангиллын үндэсний жолоочийн үнэмлэхийг шууд олгож болно.

      Замын хөдөлгөөний тухай Венийн конвенцийн гишүүн бус орноос олгосон жолоодох эрхийн үнэмлэхтэй гадаадын иргэнд үндэсний жолоочийн үнэмлэх олгох журмыг баримтлан тухайн орны жолоодох эрхийн үнэмлэхний хүчинтэй хугацаагаар, Монгол Улсын иргэнд 10 жилийн хугацаагаар үндэсний жолоочийн үнэмлэх олгоно.

     Монгол Улсын олон улсын жолоочийн үнэмлэх олгох: Замын хөдөлгөөний тухай Венийн конвенцийн гишүүн орноос олгосон, уг конвенцид нийцсэн хүчин төгөлдөр жолоодох эрхийн үнэмлэх бүхий Монгол Улсын болон гадаад улсын иргэн хүсэлт гаргасан тохиолдолд олон улсын жолоочийн үнэмлэх олгож болно.

      Олон улсын жолоочийн үнэмлэх авах хүсэлт гаргасан Монгол улсын иргэнд дараах бичиг баримтыг үндэслэн олгоно:

1. Хүсэлт;

2. Үндэсний жолоочийн үнэмлэх эсхүл иргэний үнэмлэх; 

3. Олон улсын жолоочийн үнэмлэхний үнэ төлсөн баримт.

     Олон улсын жолоочийн үнэмлэх авах хүсэлт гаргасан гадаадын иргэнд дараах баримт бичгийг үндэслэн олгоно:

1. Хүсэлт (монгол хэл дээр);

2. Үндэсний жолоочийн үнэмлэхний лавлагаа; 

3. Гадаад паспортын нотариатаар баталгаажуулсан хуулбар;

4. Замын хөдөлгөөний тухай Венийн конвенцийн гишүүн орноос олгосон, уг конвенцид нийцсэн хүчин төгөлдөр жолоочийн үнэмлэх түүний монгол хэл дээр хөрвүүлсэн албан ёсны орчуулга, эсхүл Монгол Улсын үндэсний жолоочийн үнэмлэх, тэдгээрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;

5. Өнгөт цээж зураг 3х4 хэмжээтэй-1 хувь, 4х6 хэмжээтэй -1 хувь;

6. Олон улсын жолоочийн үнэмлэхний үнэ төлсөн баримт.

     Үнэмлэхний үнэ: Монгол Улсын жолоочийн үнэмлэхний үнэ 12 500 төгрөг, харин Олон улсын жолоочийн үнэмлэхний үнэ 1 жилийн хугацаагаар 20000 төгрөг, 2 жилийн хугацаагаар 40000 төгрөг, 3 жилийн хугацаагаар 60000 төгрөг байхаар зохицуулсан байна.

     Эх сурвалж: legalinfo.mn