ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОХ ЭРХИЙН ШАЛГАЛТ АВАХ ЖУРАМ

     Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/46, А/09 дүгээр хамтарсан тушаалын Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалт авах журам шинэчлэгдэн  батлагдсан.

   Механикжсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалт авах үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулсан.

     Жолоодох эрхийн шалгалтыг авах эрх бүхий субъект: Шалгалтыг нийслэлд Цагдаагийн төв байгууллагын харьяа жолоодох эрхийн шалгалтын асуудал эрхэлсэн нэгжийн, аймагт тухайн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын Замын цагдаагийн нэгжийн эрх бүхий албан хаагч авна. Шалгагч нь Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвийн чадамжийн үнэлгээ, баталгаажуулалтын ажилтан бэлтгэх модулын сургалтад хамрагдсан байна.

     Шалгалтад орох иргэн дор дурдсан нөхцөлийг хангасан байна:

1. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрх бүхий насанд хүрсэн;

2. Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан тээврийн хэрэгсэл жолоодоход “тэнцэнэ” гэсэн эрүүл мэндийн үзлэгийн дүгнэлт (эрүүл мэндийн үзлэгийн хуудас) авсан;

3. Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх журмын дагуу жолоодох эрхийн шалгалтад орох үнэлгээний хуудас авсан;                                                                                                                     

  (Тайлбар: Дээрх заалт нь гадаад улсаас олгогдсон жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн шалгалтад орох тохиолдолд хамаарахгүй)

4. “С” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтад орох тохиолдолд “В” ангиллын тээврийн хэрэгслийг 3 сараас доошгүй хугацаанд жолоодож дадлагажсан;

5. “D” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтад орох тохиолдолд “В” ангиллын тээврийн хэрэгслийг 6 сараас доошгүй хугацаанд жолоодож дадлагажсан;

6. “Е” ангиллын нэмэлт эрх авах шалгалтад орох тохиолдолд тухайн үндсэн ангиллын тээврийн хэрэгслийг 6 сараас доошгүй хугацаанд жолоодож дадлагажсан.

     Шалгуулагч нь дараах материалыг бүрдүүлсэн байна:

1. Иргэний үнэмлэх буюу түүнтэй адилтгах баримт бичиг;

2. Эрүүл мэндийн үзлэгийн хуудас;

3. Жолоодох эрхийн шалгалтад орох үнэлгээний хуудас;

4. Цээж зураг 1 хувь (өнгөт, 4х6 см хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан);

5. Жолоодох эрхийн үнэмлэх (ангилал нэмүүлэх болон гадаад улсаас олгогдсон жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн шалгалтад орох тохиолдолд).

     Жолоодох эрхийн шалгалт нь:

1. Онолын

2. Дадлагын гэсэн хоёр төрөлтэй байна.

     Онолын шалгалт: Тухайн ангиллын тээврийн хэрэгслийн жолоочийн эзэмшсэн байвал зохих онол, эрх зүйн мэдлэгийг 20 асуулт бүхий тест болон нэмэлт мэдлэгийн 10 асуулт бүхий тестээр шалгана.

1. Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль;

2. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм;

3. Тээврийн хэрэгслийг аюулгүй жолоодох онол;

4. Зам тээврийн осолд өртсөн хүнд үзүүлэх эмнэлгийн анхны тусламж.

5. Нэмэлт мэдлэгийн тест нь “C”, “D” ангиллын тээврийн хэрэгслийн жолоочийн эзэмшсэн байвал зохих мэдлэгийг шалгахад чиглэсэн байна.

   Дадлагын шалгалт: Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох ур чадварыг замын хөдөлгөөнд, эсвэл жолоодлогын тусгай талбайд авна.

     Шалгуулагч нь жолоодох эрхийн шалгалтыг дор дурдсан төрөл, агуулгаар өгнө:

1.  “B” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх авах тохиолдолд онолын шалгалтыг ерөнхий мэдлэгийн тестээр, дадлагын шалгалтыг замын хөдөлгөөнд;

2. “C”,“D” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх авах тохиолдолд онолын шалгалтыг нэмэлт мэдлэгийн тестээр, дадлагын шалгалтыг талбайд;

3. Урьд нь аль нэг ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх авч байгаагүй хүн “A” буюу “M” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх авах тохиолдолд онолын шалгалтыг ерөнхий мэдлэгийн тестээр, дадлагын шалгалтыг талбайд;

4. “Е” ангиллын нэмэлт эрх авах буюу эсвэл аль нэг ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн “А” буюу “М” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх нэмж авах тохиолдолд зөвхөн талбайн шалгалт;

5. Гадаад улсаас олгогдсон жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн шалгалтад орох тохиолдолд онолын ерөнхий мэдлэгийн шалгалт.

     Шалгалт тус бүрийг “Тэнцсэн”, “Тэнцээгүй” гэсэн хоёр үнэлгээгээр дүгнэх ба онолын болон дадлагын шалгалтад хамрагдвал зохих шалгуулагч эхлээд онолын, дараа нь дадлагын гэсэн дарааллаар шалгуулах бөгөөд онолын шалгалтад тэнцээгүй тохиолдолд дадлагын шалгалтад орохгүй юм.

     Түүнчлэн шалгуулагч нь тэнцээгүй шалгалтаа дахин өгөх эрхтэй бөгөөд шалгалт хоорондын хугацаа 7 хоногоос багагүй байна. Хэрэв шалгуулагч онолын шалгалтад тэнцсэнээс хойш 6 сарын хугацаанд дадлагын шалгалтад тэнцээгүй буюу хамрагдаагүй тохиолдолд онолын шалгалтад тэнцсэн үнэлгээ хүчингүй болж, шалгалтыг дахин өгнө.

   Дадлагын шалгалтыг тухайн эрх олгох ангиллын тээврийн хэрэгсэл дээр явуулах ба ”В” ангиллын жолооч бэлтгэх сургалтад хамрагдсан шалгуулагчаас хүсэлт гаргасан тохиолдолд автомат хурдны хайрцаг бүхий тээврийн хэрэгслээр дадлагын шалгалтыг авч болно. (Энэ тохиолдолд жолоочийн үнэмлэхний тусгай тэмдэглэлд “автомат” гэсэн тэмдэглэл хийнэ)

     Хөгжлийн бэрхшээлтэй иргэнээс жолоодох эрх олгох мэргэжлийн шалгалт авах тохиолдолд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасан шаардлагыг хангасан тээврийн хэрэгслээр шалгалтыг авч, жолоочийн үнэмлэхний тусгай тэмдэглэлд тусгахаар заасан байна.

       Эх сурвалж: legalinfo.mn