ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫГ ХЭЛЭЛЦЭН БАТАЛЛАА
Нэгдсэн хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас өгсөн 8 чиглэлийн дагуу хэлэлцүүлэг хийж, доорх асуудлаар санал хураалт явуулсан байна. Дараах саналууд гарчээ. Үүнд:
1. Төслийн анхны хэлэлцүүлгийн үед өөрчлөхөөр дэмжигдсэн төслийн 4 дүгээр бүлгийн нэрийг “Татвараас зайлсхийхийн эсрэг ерөнхий дүрэм” гэж тодотгон хуулийн төсөлд тайлбар оруулах;
2. Маргаан таслах зөвлөлөөс болон шүүхээс татвар төлөгчийн нөхөн ногдуулалтын актад гаргасан гомдол, нэхэмжлэлийг татвар төлөгчийн талд эергээс эцэслэн шийдвэрлэсэн тохиолдолд энэ хуулийн 46.3-т заасны дагуу урьдчилан төлсөн татварын дүнгээс татвар төлөгчид буцаан олгох асуудлыг зохицуулсан заалтыг илүү тодорхой болгож найруулах нь зүйтэй;
3. Өртэй татвар төлөгчийн хөрөнгийг битүүмжлэх гэснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцүүлэн томьёолох;
4. Сумын татварын ажилтныг томилохдоо аймгийн татварын албаны дарга тухай шатны Засаг даргатай зөвшилцөн томилох нь зүйтэй гэж үзсэн байна.
Дээрх асуудлаас гадна татвар төлөх хугацааны хөнгөлөлт эдлэхэд хөнгөлөгдөх татварын өрийн дүнг алдагдал болон хохирлын хэмжээгээр хязгаарлах зохицуулалт төсөлд туссаныг хасч, хугацааны хөнгөлөлт эдэлсэн тохиолдолд татварын алба хөрөнгийг битүүмжилсэн актыг хүчингүй болгох нь зүйтэй гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн байна.
Түүнчлэн татварын өртэй гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг татварын өрөө төлж дуустал улсын хилээр нэвтрүүлэхгүй байхаар эрх бүхий байгууллагад татварын алба хандах эрхтэй байхаар төслийн холбогдох заалтыг өөрчлөн найруулах нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх саналуудыг дэмжсэн бөгөөд олонхын дэмжлэг авсан өөрчлөлтүүдийг тусган Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн баталлаа.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс