ӨМГӨӨЛӨГЧ ГЭДЭГ ҮГ МОНГОЛЫН ХУУЛЬ ЗҮЙН ҮГСИЙН САНД ОРЖ ИРСЭН НЬ
Өмгөөлөгч гэдэг үг монголын хууль зүйн үгсийн санд[1] БНМАУ-ын анхдугаар их хурал Үндсэн хууль баталснаар шинэ цагийн ардын эрхт ёсны бусад хууль дүрэм боловсруулах эх суурь тавигджээ.
1924 онд баталсан анхдугаар Үндсэн хуулийн үзэл санаанд үндэслэн шинэ хууль тогтоомжийн төсөл боловсруулах эрчимтэй ажил өрнөж түүнд ардын нам, төр засагт ажиллаж байсан түшмэд ажилтнууд, Зөвлөлтийн мэргэжилтэн, зөвлөхүүд оролцож иржээ. Энэ тухай илүү дэлгэрүүлэн авч үзье.
Хуучин хууль цаазыг өөрчлөн, шинэ хэм хэмжээ боловсруулах зорилгоор 1922 оны 5 дугаар сард Засгийн газрын дэргэд Хууль цааз эмхлэх хэлтэс байгуулж, Хууль цаазыг зохиох тухай тогтоол гаргасан байна. Тус тогтоолд “Манай Монгол Улс ардын эрхт хэмжээт цаазат засгийг явуулж байх боловч Үндсэн хууль зүйлийг тогтоон гүйцэтгээгүй нь, аливаа хэргийг шийтгэж явуулахад их дутагдах газар буй амуй. Үүнд одоогоос тусгай комисс томилон гаргаж, урьд автономит засгийн үед зохион төлөвлөж, хараахан зарлан явуулаагүй хууль зүйлийн бичгүүдээс авах гээхийг ялган салгаж, одоогийн засгийн үндсэн журамд нийлүүлэн, басхүү манай улс гадаад улсын хүн иргэний зарга зальхайн хэргийг шийтгэн тасалж бүхий учир аливаа шүүх хэрэгт эрхбиш Европын олон улсын хууль дүрмийг харгалзан дахин шинэчлэн зохиолгох зэргийг хэлэлцээд, тэгж комисс гаргаж, шинэтгэн зохиох нь маш зүйтэй тул энэ хэрэгт Шүүх яамны тэргүүн сайд Магсаржавыг тусгайлан томилон гаргаж Шүүх яамнаас эрхэлж, гурван сарын дотор хянан зохиолгож гүйцэтгүүлэхээр тогтов” хэмээсэн байдаг.
Энэ тогтоолд дурдсанаар Үндсэн хуулийг хянан зохиохдоо:
1. Богд хаант Монгол Улсын үед зохиосон хууль цаазыг үндэс болгох;
2. Ардын эрхт засгийн үндсэн бодлогод нийцүүлэх;
3. Европын хууль дүрмийг харгалзан үзэхийг чухалчилжээ.
Үндсэн хууль зохиох комиссыг 5 дугаар сарын 19-нд Шүүх яамны сайд Н.Магсаржав хурц, Ж.Цэвээн, Бат-Очир нарын бүрэлдэхүүнтэй байгуулж “Англи мэт улсын хуулиас товчлон авч эдүгээгийн явуулан буй засгийн байдалд нийцүүлэн зохиох” удирдамж өгсөн байдаг.
Үндсэн хууль зохиох комиссынхон Европын олон орны үндсэн хуулийг орчуулан үлгэр загвар болгохыг хичээж байсан тухай судлаачид судлан гаргажээ. Гэвч ардын хувьсгалын ялалтын өмнө үүссэн хувьсгалын удирдагчдын үзэл баримтлалын зөрөлдөөн засгийн эрх авсны дараа ч үргэлжилж байснаас үүдэн Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажил удааширсан байна. 1924 оны 5 дугаар сарын 20-нд Богд хаан таалал төгссөний дараа Үндсэн хууль боловсруулах комиссыг дахин шинээр Ерөнхий сайд Б.Цэрэндорж, Ж.Цэвээн, Э.Ринчино, Гомбобадамжав нарын бүрэлдэхүүнтэй байгуулж, ЗСБНХУ-ын хууль, цаазын мэргэжилтэн П.В.Всесвятскийг зөвлөхөөр ажиллуулсан байна.
(П.В.Всесвятский, Хатанбаатар Магсаржав, Элбэгдорж Ринчино, Хичээнгүй сайд Б.Цэрэндорж, А.Амар, ...)
Монголчуудын тусгаар тогтнолын төлөө тэмцлийг удирдан жолоодсон Монгол ардын нам дэлхийн коммунист хөдөлгөөний төв болох Коминтерн, ЗСБНХУ-ын БХК/Б/Н-ын тусламж дэмжлэгээр улс орныхоо тусгаар тогтнолыг олж, засаг төрөө байгуулж, тохинуулах бүхий л үйл хэрэгт тэдэнтэй хамтран ажиллаж байв. Шүүх, хуулийн талаар бодлого боловсруулах, хууль тогтоомжийг шинэчлэхэд Оросын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байсан нь тухайн үеийн Зөвлөлтийн эрх зүйн баримт бичгүүдийг загвар болгох, үлгэр жишээ авах, хуулбарлах бодит нөхцөлийг бүрдүүлж байлаа.
Үндсэн хууль боловсруулахад Элбэгдорж Ринчино, П.В.Всесвятский, Гомбобадамжав нар багагүй үүрэг гүйцэтгэсэн тухай судлаачид[2] өгүүлсэн байдаг. Тэд зөвхөн үндсэн хууль төдийгүй Монголын эрх зүйн хөгжлийн эхэн үеийн бүхий л эрх зүйн хэм хэмжээг боловсруулахад бие сэтгэлээ зориулж байжээ.
Үндсэн хууль боловсруулах комиссын зөвлөх П.В.Всесвятский (1884-1938)[3] 1924-1927 оны 1 дүгээр сар хүртэл Засгийн газрын зөвлөх түшмэл, дараа нь Цааз хууль эрхлэн зохиох хэлтэс Шүүх яаманд харьяалагдах болсноор Шүүх яамны Цааз хуулийг эрхлэн зохиох түшмэл[4], 1930 он хүртэл Шүүх яамны зөвлөх түшмэлээр ажиллаж[5] байжээ. Монгол Улсын Үндсэн хууль, мөн холбогдох хууль тогтоомжийг боловсруулахад энэ хүний гүйцэтгэсэн үүрэг асар их.
Үндсэн хууль боловсруулах комисст орсон өөр нэгэн төлөөлөгч болох Элбэгдорж Ринчино (1888-1938)[6] 1920-иод оноос эхлэн ардын хувьсгалын үйл хэрэгт идэвхтэй оролцож, МАН, ардын төрийн чухал албан тушаалуудыг хашиж байсан эрх баригчдын дунд асар их нөлөөтэй хүн байсан. Тэрээр жинхэнэ коммунист үзэл суртлыг номлогч байв. Улс орны хөгжлийн талаар санал нийлэхгүй байгаа зарим нэгнийг замаасаа зайлуулж, бүхий л эрх мэдлийг атгахыг шунан хичээж байсан хүн. Элбэгдорж Ринчино феодал, лам нарын эсрэг тэмцлийг хошуучлагч, ядуу дорд ардын эрх ашгийг хамгаалагч нэгэн байжээ.
Монгол Улсын Засгийн газрын урилгаар Буриадын эрдэмтэн, улс төрийн зүтгэлтэн Гомбобадамжав (1872-1938)[7] Шүүх яамны зөвлөх түшмэл бөгөөд орчуулагчаар[8] 1924-1929 оны 1 дүгээр сар хүртэл ажиллажээ. Гомбобадамжав Монгол Улсын анхны Үндсэн хуулийг боловсруулах, ардын эрхтэй шинэ Монгол Улсын анхны Иргэний болон Эрүүгийн хууль тогтоомжуудыг боловсруулахад бие сэтгэлээ зориулсан нэгэн байжээ.
Тухайн үед Шүүх яаманд ажиллаж байсан Зөвлөлт, Буриадын мэргэжилтэн нарын тухай цухас дурдахын учир шалтгаан чухам энэ үед боловсруулж, баталж гаргасан хууль тогтоомжуудыг тэдний оролцоо, санаачилга, хичээл зүтгэлтэй холбон үзэхээс өөр аргагүйтэй холбоотой.
МАН-ын III их хурал (1924)-д тавьсан хуулийн байгууллагын ажлын тухай илтгэлд: “...Засгийн газрын Хууль цаазыг эмхлэх хэлтэст Зөвлөлийн Засагт Орос Улсаас тусгайлан урьж ирүүлсэн эрдэмтэн орос түшмэл, мөн боловсронгуй орчуулагчийн зэрэг түшмэд нийлж дотоод, гадаад улсын шинэ, хуучин хууль цаазын бичгүүдийг эрэн олж орчуулан, түүний дотроос манай Монгол Улсад хэрэглэж болохыг нь авах зэргээр шинэ хууль цаазыг үүсгэн зохион завдаж буй амой”[9] хэмээсэн нь дээр өгүүлсэн мэргэжилтэн зөвлөхүүдийн гүйцэтгэж байсан үүрэг нөлөөг илтгэсэн баримт мөн. Шүүх яамны ажилтнууд дээрх Зөвлөлтийн мэргэжилтэн зөвлөхүүдийн зөвлөгөө тусламжид тулгуурлан эрх зүйн шинэ хэм хэмжээг боловсруулан Засгийн газрын хурлаар хэлэлцүүлж, улмаар Бага хурлын тэргүүлэгчдийн хурлаар батлуулж иржээ.
Эдгээр хууль тогтоомжийн дотор бидний сонирхож буй өмгөөлөлтэй холбоотой хэм хэмжээ бас тусгагдаж байжээ.
МАН-ын III их хурал (1924 оны 8-9 дүгээр сар)-д төлөөлөгч Элбэгдорж Ринчино: “...Шүүх яам...эрүү шүүлтийг халснаас өөр энэ тухай ямар ч өөрчлөлт хийгээгүй байна. Цаашид ингэж байж болохгүй. Бүх яамд ба тэдгээрийн харьяа газруудыг дээрээс нь эхлээд дор нь хүртэл өөрчилж, ардын эрхт ёсыг дэлгэрүүлэхийг Төв хороо, Засгийн газар ба Шүүх яаманд даалгах хэрэгтэй. Мөрдөн байцаах явдлыг шүүх таслахаас салган тусгаарлах хэрэгтэй. Туршлага олсон байцаагч нарыг даруй бэлтгэж, ардын төлөөлөгч хийгээд өмгөөлөгчтэй болох хэрэгтэй”[10] хэмээн шүүмжилж байжээ.
Ринчиногийн хэлсэн үгэнд дурдагдсан “өмгөөлөгч” хэмээх үг энэ үеэс Монголын хууль зүйн үгсийн санд баттай оржээ. Үүнээс өмнө шүүн таслах ажиллагаанд туслалцаа үзүүлэн оролцож байсан этгээдийг төлөө заалдагч хэмээн нэрлэж байсныг дээр өгүүлсэн билээ.
Шүүн таслах ажиллагааг засаг захиргааны байгууллагын ажлаас тусгаарлан бүх улс орныг хамарсан шүүхийн байгууллагыг зохион байгуулах, хууль дүрмийг боловсруулах их ажил эхэлж, түүний дотор шүүн таслах хурлын үйл ажиллагааны хэм хэмжээг тогтоосон баримт бичгүүдийг боловсруулж эхэлжээ.
БНМАУ-ын II их хурлын (1925 оны 11 дүгээр сар) тогтоолд: “...3. Шүүх таслах газруудад аливаа хэргийг шийтгэн таслах нь ард олны өмнө ил тодорхой байваас зохимуй. Ийм болбоос сая үнэнч шударга ба хэргийн учир зүйг баримтлан шийтгэхэд үлэмж тустай бүхийн дээр, чухамхүү зарим нэгэн хэргийн онц хортой болохыг илрүүлэн таниулж олон ардын өөрөө боловсрон, олон нийтийн тусыг бодох ба түүний өмнөөс зүтгэх ёсыг мэдүүлмой[11]” хэмээн тэмдэглэжээ.
Шүүх хурлыг олны өмнө ил тод хийх нь улс төр, нийгмийн ач холбогдолтой байсан юм. Тухайн үед Зөвлөлтөд ажилчин тариачны шүүх байгуулж, тайз индэр ашиглан олны өмнө улс төрийн хэрэгт холбогдогсдыг шүүн таслах хурал зохион байгуулах ажил өргөн дэлгэрсэн байв.
[1] Монголын өмгөөллийн түүхэн товчоон (1924-1944). Уб.2018 бүтээлээс
[2]. М.Санждорж. Ардын төрийн түүх. Уб. 1974., Батбаяр/Баабар/Б.ХХ зууны монгол.Нүүдэл суудал, гарз олз. Уб.1996 гэх мэт
[3]. П.В.Всесвятский-Всесвятский Петр Васильевич (1884-1938), Москвад төрсөн, 1910 онд Москвагийн их сургуулийг хуульч мэргэжлээр төгсч мэргэжлээрээ ажиллаж байгаад октябрийн хувьсгалын дараа тухайн үеийн хуулийн байгууллагад ажиллажээ. 1924-1930 онд Монгол улсын засгийн газрын хууль цаазын зөвлөх, шүүх яамны зөвлөх, 1930-1936 онд ЗСБНХУ-ын дээд шүүх, 1936-1938 онд ЗСБНКазУ-ын Хуулийн АК-д ажиллаж байгаад улс төрийн хилс хэргээр баривчлагдан цаазлуулжээ. Түүнийг зөвлөлт засгийг устгах зорилготой Америкийн тагнуул Рерихийн хувьсгалын эсэргүү бүлэгтэй холбоотой хэмээн цаазын ял оноожээ. Түүнийг 1956 онд цагаатгасан байна.
[4]. Үндэсний төв архив. Шүүх яамны хөмрөг 284. Данс 1. ХН 381
[5]. Үндэсний төв архив. Шүүх яамны хөмрөг 284. Данс 1. ХН 428
[6]. Элбэгдорж Ринчино (1888-1938). Буриадын улс төрийн зүтгэлтэн. 1920 оны зунаас ЗСБНХУ-д очсон Монголын эх орончдын үйл хэрэгт туслалцаж, Москвад очсон төлөөлөгчдийн орчуулагчаар ажилласан. 1921 оны 4 дүгээр сараас Ардын түр засгийн газрын зөвлөх, Бүх Цэргийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж, цагаантны эсрэг тэмцэлд оролцсон. 1921 оны 7 дугаар сараас Ардын засгийн газрын зөвлөх, БЦЗ-ийн тэргүүлэгчээр ажиллаж, МАН-ын II, III их хурлаас Төв Хорооны гишүүн, тэргүүлэгч гишүүнээр сонгогдсон. 1925 оноос ЗСБНХУ-д эргэн татагдаж, Москвагийн Дорно дахины хөдөлмөрчдийн их сургуульд багшилсан. 1930 онд БХК (б)Н-д орлогчоор, 1933 онд жинхэнэ гишүүнээр элссэн. Монголын үндэсний хөдөлгөөн, нам, улсын байдал, эдийн засаг, шашны асуудлаар олон өгүүлэл бичсэн. ЗСБНХУ-ын Улаан тугийн одон, БНМАУ-ын Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан. Э.Д.Ринчиног 1937 оны 6 сард ЗСБНХУ-ын ДХАК-аас баривчилж, “японы тагнуул, БХК(б)Н, Зөвлөлт Засгийн удирдагчдыг хөнөөхөөр бэлтгэсэн, Буриад-Монголын ардын аж ахуйг хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан” гэж буруутган ялын дээд хэмжээгээр шийтгэж 1938 оны 6 сарын 23-нд гүйцэтгэсэн. ЗСБНХУ-ын Дээд Шүүхийн Цэргийн коллегийн 1957 оны 5 сарын 7-ны өдрийн магадлагаагаар Э.Д.Ринчиногийн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгажээ.
[7]. Гомбобадамжав (1887-1938) Буриадын улс төрийн зүтгэлтэн, нэрт хувьсгалч, эрдэмтэн. Монголын засгийн газрын урилгаар шүүх яамны зөвлөхөөр 1924 -1929 онд ажиллаж байсан.1938 онд ЗСБХУ-д баригдан хилс хэргээр шийтгэгдсэн. Хожим түүнийг цагаатгажээ.
[8]. Үндэсний төв архив. Шүүх яамны хөмрөг 284. Данс 1. ХН 381
[9]. МАН-ын гуравдугаар их хурал. Уб. 1966., 135 дахь тал
[10]. МАН-ын гуравдугаар их хурал. Дэлгэрэнгүй тэмдэглэл. 1924 оны 8-9 дүгээр сар. Уб. 1966., 139 дэх тал
[11]. БНМАУ-ын II Их хурал. БНМАУ-ын I, II, III Бага хурал. Уб. 2009., 190 дэх тал