ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ МАРГААНЫГ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ

   Монгол Улсын Их хурлаас 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж болно”, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг ...эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах”,  40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг ... эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хууль зөрсөн эсэх маргааныг хянан хэлэлцээд Монгол Улсын Үндсэн хуулийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргажээ.

   Уг дүгнэлтээр дээрх заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх заалтын Монгол Улсын иргэн “...шүүхийн шийдвэрийг давж заалдах... эрхтэй”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ...баталгааг бүрдүүлэх, ... хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасныг тус тус зөрчсөн байна гэж дүгнээд холбогдох заалтуудыг 2019 оны 3 сарын 14-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

   Эх сурвалж: Төрийн мэдээлэл 2019-04-05-ны өдрийн №14 /1067/ дугаар