ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БОЛОН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ХААГЧИД НЭМЭГДЭЛ ХӨЛС ОЛГОХ ЖУРМЫН ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолоор “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид нэмэгдэл хөлс олгох журам”-ыг баталсан.
Энэхүү журмаар төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид нэмэгдэл хөлс олгохтой холбоотой харилцааг зохицуулна. Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу төрийн байгууллагын дотоод журмаар тогтоосон өдрийн ажлын цагийг ажил олгогчийн санаачилгаар хэтрүүлэн ажиллуулахыг илүү цаг ажиллуулсанд, орон нутгийн цагаар 22 цагаас 06 цаг хүртэлх хугацаанд ажиллуулахыг шөнийн цагаар ажиллуулсанд, нийтээр амрах баярын өдрүүдэд ажиллуулахыг нийтээр амрах баярын өдрүүдэд ажиллуулахыг нийтээр амрах баярын өдөр ажиллуулсанд, Бямба, Ням гарагт ажиллуулахыг долоо хоног бүрийн амралтын өдөр ажиллуулсанд тус тус тооцож, нөхөн амруулаагүй тохиолдолд нэмэгдэл хөлс олгоно.
Нэмэгдэл хөлсийг төрийн албан хаагчийн ажилласан тухайн сарын цалин хөлсийг үндэслэн тодорхойлно. Тухайлбал, төрийн албан хаагч 2018 оны 8-р сард 6 цаг илүү ажилласан гэж үзвэл, тухайн ажилтны 8 дугаар сарын цалин хөлсийг үндэслэж, илүү цагийг тооцно.
Илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан төрийн албан хаагчийг нөхөн амруулаагүй бол илүү цагийн хөлсийг тодорхойлохдоо сарын цалин хөлсний хэмжээг тухайн сарын ажиллавал зохих цагт хувааж, нэг цагт ногдох хөлсийг тооцож гаргана. Нэг цагийн цалин хөлсийг илүү цагаар ажилласан цагаар үржүүлж гарсан цагийг 1.5 дахин нэмэгдүүлж, илүү цагийн хөлсний хэмжээг тодорхойлно.
Нийтээр амрах баярын өдөр ажилласан төрийн албан хаагчийг нөхөн амруулаагүй бол дээрх зарчмын дагуу нэг цагт ногдох цалин хөлсийг нийтээр амрах баярын өдөр ажилласан цагаар үржүүлж, түүнийг 2.0 дахин нэмэгдүүлэх замаар нэмэгдэл хөлсийг тодорхойлно.
Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагч алсын болон төрөлжсөн мэргэжлийн дуудлагаар явж эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн бол түүний албан тушаалын сарын үндсэн цалингийн 5 хүртэл хувиар тооцож дуудлагаар явсан тохиолдол бүрд нэмэгдэл хөлс олгоно.
Ерөнхий боловсролын сургуулийн багшид анги даасны 10 хувь, кабинет, лаборатори хариуцан ажилласны 5 хувь, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн заах аргын нэгдлийн ахлагчид заах аргын нэгдэл удирдсаны 5 хувийн нэмэгдэл хөлс олгохоор тус тус зааж өгсөн байна.
Эх сурвалж: Төрийн мэдээлэл сэтгүүл №15/1068/