ЦЭРГИЙН АЛБЫГ БИЕЭР ДҮЙЦҮҮЛЭН ХААХ ЖУРМЫН ТУХАЙ

   Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн  80 дугаар тогтоолын хавсралтаар “Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах журам”-ыг баталсан. Энэхүү журмаар Монгол Улсын иргэнийг цэргийн дүйцүүлэх албанд элсүүлэх, цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаахтай холбоотой харилцааг зохицуулсан.

   1. Иргэнийг дараах шалтгаанаар цэргийн дүйцүүлэх албанд элсүүлж болно. Үүнд:

   - сүм, хийдэд албан ёсоор шавилан суугаа;

  - шашин шүтлэг, ёс зүйн шалтгаанаар цэргийн жинхэнэ алба хаах боломжгүй болохыг цэрэг татлагын товчоо тодорхойлсон.

   Дээрх шалтгаанаар иргэн цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах хүсэлтээ сум, хорооны Засаг даргаар уламжлан харьяалагдах аймаг, дүүргийн цэрэг татлагын товчоонд гаргах бөгөөд аймаг, дүүргийн Засаг дарга цэрэг татлагын товчооны саналыг үндэслэн иргэнийг цэргийн дүйцүүлэх албанд элсүүлж, алба хаалгах шийдвэрийг гаргана. Ийнхүү шийдвэр гарсны дараа аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб иргэнтэй цэргийн дүйцүүлэх алба хаах тухай гэрээ байгуулж, биелэлтийг дүгнэнэ.

   2. Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах.

   Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа “алба хаагч иргэн” дараах үүргийг гүйцэтгэнэ. Үүнд:

- тухайн орон нутгийнхаа батлан хамгаалах үйл ажиллагаанд идэвхтэй оролцох;

- гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд оролцох;

- хүн, малын гоц халдварт өвчний үед тогтоосон хорио цээрийн дэглэм сахиулахад дэмжлэг үзүүлэх;

- улсын хилийн бүс, зурваст улсын хилийн болон хил орчмын дэглэмийг сахиулахад оролцох;

- хүмүүнлэгийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх;

- орон нутгийн хамгаалалтад оногдуулсан томилгоот үүргээ гүйцэтгэх;

- улсын болон орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажилд зохион байгуулалттай оролцох.

   Дээрх үүргийг алба хаагч иргэн алба хаах хугацаандаа 6 сараас доошгүй хугацаагаар биечлэн гүйцэтгэсэн байна.

   Эх сурвалж: www.legalinfo.mn