МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙГ ГАДААДАД, ГАДААДЫН ИРГЭНИЙГ МОНГОЛ УЛСАД ХӨДӨЛМӨР ЭРХЛҮҮЛЭХ, ТЭДНИЙ ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХТАЙ ХОЛБОГДСОН ХАРИЛЦААНЫ ЗОХИЦУУЛАЛТЫН ТАЛААР

   Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Чөлөөт бүсийн тухай хууль, эдгээр хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

   Гадаадад хөдөлмөр эрхлүүлэхээр зуучлахыг хориглодог тодорхой тохиолдлууд бий. Үүнд:

   Гадаадын иргэн, харьяалалгүй хүн, 18 насанд хүрээгүй хүнийг, химийн
хортой, тэсрэх болон цацраг, биологийн идэвхт бодистой харьцах, хар тамхи,
мансууруулах бодис үйлдвэрлэх, борлуулах зэрэг олон улсын хэмжээнд хориглосон ажилд зуучлахыг хориглоно.

  Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах, хөдөлмөр эрхлүүлэх талаар зуучлах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл, Монгол Улсад гадаадын иргэд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох, татгалзах, хугацааг нь сунгах болон хүчингүй болгох бүрэн эрхтэй.

   Аж ахуйн нэгж, байгууллага нь үндэсний ажиллах хүчний мэдлэг, мэргэжил,
мэргэшлийн ур чадварыг ахиулах, хөдөлмөр эрхлүүлэх зорилгоор гадаадын аж ахуйн нэгж, байгууллагад Монгол Улсын иргэнийг хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулах, үйлдвэрлэлийн дадлага хийлгэх, мэргэжил эзэмшүүлэх гэрээ байгуулж болно. Энэхүү гэрээ нь энэ талаарх олон улсын эрх зүйн хэм хэмжээ, хоёр улсын хооронд байгуулсан гэрээ, тухайн орнуудын хууль тогтоомжид нийцсэн байвал зохино.

   Ажиллах хүч гадаадад гаргах тухай гэрээнд дараах нөхцөлийг тодорхой тусгана:

   1. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах улс, хот, байгууллагын нэр;

   2. Ажил, мэргэжлийн чиглэл, гүйцэтгэх ажил, албан тушаал, ажиллах хүчний тоо;

   3. Гэрээний хугацаа, гэрээ дуусгавар болох, түүнийг цуцлах нөхцөл;

   4. Ажиллагчдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ;

   5. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, хөдөлмөрийн нөхцөл, ажил,

   6. Амралтын цагийн горим;

   7. Орон сууц, нийгэм, ахуйн хангамжийн асуудал;

   8. Гэрээг хэрэгжүүлэхтэй холбогдон үүсэх маргаан болон хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэх арга, хэлбэр;

   9. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, тэтгэвэр, тэтгэмж, бусад хөнгөлөлт;

   10. Очих, буцах замын зардал, тээврийн нөхцөл;

   11. Цалин хөлс, хууль ёсны бусад орлогыг тухайн орноос гуйвуулах боломж зэргийг тусгана.

   Аж ахуйн нэгж, байгууллага нь шинжлэх ухаан, боловсрол, үйлдвэрлэлийн
дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, шинэ үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах, тоног төхөөрөмж угсрах, засварлах, төсөл хэрэгжүүлэх зорилгоор мэргэжлийн өндөр ур чадвар шаардах ажил, мэргэжлээр гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай гэрээг гадаадын хуулийн этгээдтэй байгуулж болно.

   Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай гэрээнд дараах ерөнхий
нөхцөлийг тусгана:

   1. Гадаадын иргэний ажиллах байгууллага, гүйцэтгэх ажил үүрэг;

  2. Гадаадын иргэний ажиллах мэргэжлийн чиглэл, ажлын байрны нэр, хөдөлмөр; эрхлэх гадаадын иргэний тоо;

   3. Гадаадын иргэний эрүүл мэндэд тавих шаардлага;

   4. Мэргэжил, боловсролын түвшинг баталсан баримт бичгийг харилцан зөвшөөрөх нөхцөл;

   5. Гэрээний хугацаа, гэрээ дуусгавар болох, түүнийг цуцлах нөхцөл;

   6. Цалин хөлсний хэмжээ;

   7. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, хөдөлмөрийн нөхцөл, ажил, амралтын цагийн горим;

   8. Орон сууц, ахуйн хангамжийн асуудал;

   9. Нийгмийн даатгалын асуудал;

 10. Гэрээг хэрэгжүүлэхтэй холбогдон үүсэх маргаан болон хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэх арга хэлбэрүүд.

 Аж ахуйн нэгж, байгууллага нь гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авахын өмнө хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түүний эрх олгосон байгууллагын зөвшөөрлийг урьдчилан авсан байна. Байгууллага нь энэхүү зөвшөөрөл авахдаа дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

 1. Гадаадын ажиллах хүч, мэргэжилтэн зайлшгүй ажиллуулах шаардлага, гүйцэтгэх ажил, үйлчилгээний хэмжээ, хугацаа, үйлдвэрлэлийн онцлог, байршил, гадаадын иргэний мэргэжил, туршлага, ур чадварын талаар дэлгэрэнгүй тодорхойлсон албан бичиг;

  2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;

   3. Гадаадын хуулийн этгээдтэй ажиллах хүч, мэргэжилтэн авах талаар байгуулсан гэрээ;

   4. Гадаадын иргэний гадаад паспортын хуулбар;

   5. Гадаадын иргэний мэргэжлийн үнэмлэх, дипломын хуулбар;

   6. Хөдөлмөр эрхлүүлэх салбарын яам, агентлагийн тодорхойлолт;

 7. Тухайн байгууллагад гадаадын ажиллах хүч, мэргэжилтэн ажиллуулах шаардлага, хэрэгцээний тухай орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийн албаны санал.

   Эрх бүхий байгууллага нь холбогдох баримт бичгийг хүлээн авч, хянан шалгасны үндсэн дээр Засгийн газраас тогтоосон хувь, хэмжээнд багтаан Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгоно. Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл нь 1 жил хүртэл хугацаатай байх бөгөөд зөвшөөрлийн хугацааг байгууллагын хүсэлт, гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний үр дүн, цаашид ажиллуулах болсон шалтгааныг судалж, шалгасны үндсэн дээр шаардлагын дагуу сунгана.

   Аж ахуйн нэгж байгууллагын 2019 онд гадаадаас авах ажиллах хүч,
мэргэжилтний нийт монгол ажиллагчдын тоонд эзлэх хувь, хэмжээг Монгол Улсын
Засгийн газрын 2018 оны 12-р сарын 12-ны өдрийн 377 дугаар тогтоолоор баталсан байна.