ХӨЛСӨӨР АЖИЛЛАХ ГЭРЭЭНИЙ ТУХАЙ
Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээж байдаг хоёр талт гэрээ юм. Гэрээний зүйл нь бүх төрлийн ажил үйлчилгээ байх боломжтой. Мөн үүнийг бие даан, хараат бусаар гүйцэтгэдэг онцлогтой. Тухайлбал татварын зөвлөх, өмгөөлөгч, хувийн эмнэлгийн эмч нар гэх мэт.
Гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлөх ба гэрээнд талууд хөлсийг хэсэгчлэн, тодорхой хугацаанд төлөхөөр тохиролцож болно.
Талууд хөлс төлөх тухай ярьж байсан ч хэмжээг нь тогтоогоогүй бол энд эрх бүхий байгууллагын жишиг үнийн жагсаалт эсвэл зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлнө.
Хөлсөөр ажиллах гэрээг ердийн нөхцөлд бичгээр байгуулж болно. Харин хөдөлмөрийн гэрээг заавал бичгээр байгуулах ёстой.
Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажиллагч нь гэрээнд заасан ажил, үйлчилгээг биечлэн гүйцэтгэх бөгөөд үүргийг бусдад шилжүүлж болохгүй.