ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛИАС

   Монгол Улсын Гэр бүлийн тухай хуульд тэтгэлэг нөхөн гаргуулах талаар тусгайлан зохицуулсан бөгөөд тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн, цалин хөлс, бусад орлогоо нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол шүүх тэжээн тэтгүүлэгч, бусад иргэн, холбогдох байгууллагын нэхэмжлэлийг үндэслэн төлөгдөөгүй тэтгэлгийг нөхөн төлүүлж  болохоор  заасан. Тэтгэлэг нөхөн төлүүлэхэд тэтгэлэг төлөгч хөдөлмөр эрхлээгүй буюу цалин хөлс, бусад орлогын хэмжээг тогтоох боломжгүй бол тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг баримтлах бөгөөд тэтгэлэг төлөгч хөдөлмөрийн чадваргүй болсон тохиолдолд тухайн хугацааны тэтгэлгийн хэсгийг буюу бүхэлд нь нөхөн төлүүлэхээс шүүх чөлөөлж болно.

      Мөн хуульд тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүйгээс хүлээх хариуцлагын талаар зохицуулсан ба тэтгэлэг төлөх тухай талууд гэрээ байгуулсан бөгөөд тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол учирсан хохирлыг гэрээнд заасан журмаар нөхөн төлөхөөр мөн шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр зохицуулж, алдангийн нийт хэмжээ төлөгдөөгүй тэтгэлгийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж заасан.