ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛ

ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛ

Монгол Улсын Их хурлаас 2014 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай” хуулийг баталжээ. Энэхүү хуулийн талаарх мэдээлэл бэлтгэн хүргүүлж байна.

Тус хуулиар түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна. Хуульд тодорхойлсноор “түгээмэл тархацтай ашигт малтмал” гэдэгт зам, барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн, боржин, дайрганы зориулалттай барилгын чулууны хуримтлалыг хамааруулсан байна.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээдэд олгох юм байна. Ингэхдээ нэг тусгай зөвшөөрлийг зөвхөн нэг хуулийн этгээдийн нэр дээр олгохоор тус хуульд заасан. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөл авахыг хүссэн хуулийн этгээдийн үйл ажиллагааны чиглэлд хязгаарлалт тогтоогоогүй бөгөөд харин нэг тусгай зөвшөөрлийг хоёр болон түүнээс дээш хуулийн этгээд хамтран эзэмшихийг хязгаарласан байна.

Нэг. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахад тавих шаардлагын талаар.

Хуульд зааснаар нэг тусгай зөвшөөрлөөр олгох түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын талбайн хэмжээ 25 гектараас багагүй, 400 гектараас ихгүй байна.

Өргөдөлд дурдсан хайгуулын талбай нь дараах шаардлагыг хангасан байна:

- дөрвөн өнцөгт хэлбэртэй байх бөгөөд түүний хил нь уртраг, өргөргийн дагуух чиглэлтэй давхацсан шулуун шугамаар хүрээлэгдсэн;

- тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй;

- хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон болон түрүүлж өгсөн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг аймаг, нийслэлийн Засаг даргын баталсан маягтын дагуу аймаг, нийслэлийн Засаг даргад гаргах бөгөөд өргөдөлд хуульд заасан баримт бичгийг хавсаргана.

Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуульд заасны дагуу Төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч ажлын 10 өдрийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох, эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

Хоёр. Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын  тусгай зөвшөөрөл авахад тавих шаардлага.

Хуульд зааснаар түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй байна.

Уурхайн талбай нь дараахь шаардлагыг хангасан байна:

- тал бүр тийш 500 метрээс багагүй урттай, уртраг, өргөргийн дагуух чиглэлтэй давхацсан шулуун шугамаар хүрээлэгдсэн тэгш олон өнцөгт хэлбэртэй;

- тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай давхцаагүй;

- давс болон түгээмэл тархацтай ашигт малтмалын ордын тухайд талбайн хэмжээ нь тал бүр тийш 100 метрээс багагүй урттай.

 Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу аймаг, нийслэлийн Засаг даргад гаргах бөгөөд түүнд хуульд заасан баримт бичгийг хавсаргана.

Өргөдөл гаргасан этгээд нь хуульд заасны дагуу ашиглалтын тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг төлснөөс хойш ажлын 5 өдөрт багтаан аймаг, нийслэлийн Засаг дарга ашиглалтын тусгай зөвшөөрлийг 15 жилийн хугацаагаар олгохоор заажээ.

Тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлэх талаар хуульд тусгайлан зохицуулаагүй байна.

~oOo~