ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРИЙН ТЭВЧИШГҮЙ ХЭЛБЭРҮҮД

     Монгол Улс 2001 онд нэгдэн орсон 1999 оны Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн тухай конвенц(Дугаар 182)-ийн 3-р зүйлд Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг тодорхойлжээ. Үүнд хүүхдийн хөдөлмөрийн тодорхой хэлбэрүүдийг нэн тэргүүн таслан зогсоох, улмаар хүүхдийн хөдөлмөрийг устгах нь урт хугацааны зорилго болгохыг зааж өгчээ. Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүд гэдэгт:

• Хүүхдийг худалдах, өрийн барьцаанд өгөх, боолчлох, албадан хөдөлмөр эрхлүүлэх, зэвсэгт мөргөлдөөнд дайчлах, хүчээр элсүүлэх зэрэг боолчлолын бүх хэлбэрүүд, түүнтэй төстэй практикууд;

• Хүүхдийг биеийг үнэлүүлэх, садар самуун агуулга бүхий материал үйлдвэрлэх, садар самууны үзвэр, үйлчилгээнд ашиглах, татан оролцуулах, уг ажлыг санал болгох;

• Холбогдох олон улсын гэрээнд заасанчлан мансууруулах бодис үйлдвэрлэх, хил дамнуулан худалдах зэрэг хууль бус үйл ажиллагаанд ашиглах, зуучлах, эсвэл санал болгох;

• Үйл ажиллагааны мөн чанар үр дагаврын хувьд хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, зан суртахуунд хохирол учруулахуйц ажлууд орно.

         Монгол Улсын Эрүүгийн хууль (2015) 2016 оны 9 сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ. Уг хуулийн 16 дугаар зүйлд хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрт заасан ажлыг хийлгэхээр хүүхдэд хүч хэрэглэсэн этгээдийг торгох, 1 жил хүртэлх хугацаагаар хөдөлгөөнийг хязгаарлах (гэрийн хорио буюу олон улсад зорчихыг хориглох) мөн 1 жил

хүртэлх хорих ялаар шийтгэнэ.

          Хүүхдээр гуйлга гуйлгах, биеийг нь үнэлүүлэх, хүүхдийг садар самуунд хүчээр оролцуулах, садар самуун агуулгатай зүйлийг бэлтгэх, худалдах, түгээх болон хадгалахад ашигласан тохиолдолд мөн 16 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээнэ. 13 дугаар зүйлд заасанчлан албадан хөдөлмөр эрхлүүлэх нь торгууль ноогдуулах буюу 8 жил хүртэлх хорих ялаар ял шийтгүүлнэ.