ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, ХУРЦ ХОРДЛОГО, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧНИЙ ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛӨХ ТУХАЙ

Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилтан хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн шалтгаанаар эрүүл мэндээр хохирох, нас барсан тохиолдолд ажилтны ар гэрт учирсан хохирлыг нөхөх зорилгоор үйлдвэрлэлийн  осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч нь нөхөн төлбөр олгодог.

-Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хувь  хүртэл  алдсан ажилтанд 5 сар,  31-50 хувь алдсан ажилтанд 7 сар,  51-70 хувь хүртэл алдсан ажилтанд 9 сар,  71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа;

-Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт 36 ба түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгоно.

 

Тус хуулийн дагуу ажил олгогч нөхөн төлбөр олгох нь хохирогч нийгмийн даатгалын болон бусад хууль тогтоомжийн дагуу тэтгэвэр, тэтгэмж авсан байсан нь нөлөөлөхгүй бөгөөд  “Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай” хуульд зааснаар дараах нөхцөл байдалд гарсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод даатгуулагч өртсөн тохиолдолд доорх байдлаар тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгодог. Үүнд:

1.Ажлын байрандаа болон бусад газарт ажил үүргээ гүйцэтгэх явцад;

2.Ажил эхлэхийн өмнө ажилд бэлтгэх буюу дууссаны дараа ажлын байр, багаж хэрэгслээ эмхэлж цэгцлэх үед;

3.Ажилдаа ирэх, буцах замд;

 

Гэхдээ даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ гүйцэтгэвэл зохих хугацаанд дур мэдэн өөр ажил гүйцэтгэх болон ажлын байраа орхиж яваад, түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсний болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг санаатай зөрчсөний улмаас осолд өртсөн, гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн биед гэмтэл учруулсан нь нотлогдсон тохиолдолд тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгодоггүй.

 

Даатгалын сангаас даатгуулагчид дор дурдсан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгодог. Үүнд:

-Тахир дутуугийн тэтгэвэр;

-Тэжээгчээ алдсаны тэтгэвэр;

-Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж.

Тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход “Нийгмийн даатгалаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай” хуулийн 25 дугаар зүйлд заасан баримт бичиг болон үйлдвэрлэлийн ослын акт буюу мэргэжлээс шалтгаалсан өвчний тодорхойлолтыг бүрдүүлнэ. Үүнд:

-Тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгох даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын тухай эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр;

-Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн төрсний гэрчилгээ, ам бүлийн тодорхойлолт;

Хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг нийгмийн даатгалын дэвтэр, эмнэлгийн байгууллагаас олгосон эмнэлгийн хуудсыг бүрдүүлнэ.