НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТУХАЙ ХУУЛИАС
Тус хуулиар нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээний төрөл, хамрах хүрээг тогтоох, нийгмийн халамжийн сан бүрдүүлэх, уг сангийн хөрөнгийг зарцуулах, нийгмийн чиг үүргийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулдаг.
Нийгмийн халамжийн хамрах хүрээ: Нийгмийн халамжийн үйл ажиллагаанд энэ хууль болон холбогдох хууль тогтоомжид заасан болзол, шалгуур, нөхцөлийг хангасан Монгол Улсын иргэн, Монгол Улсад хууль ёсоор байнга оршин суудаг гадаадын иргэн, харьяалалгүй хүн хамрагдах эрхтэй.
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж: Нийгмийн халамжийн тэтгэврийг нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасны дагуу тэтгэвэр авах эрх үүсээгүй дараах иргэнд сар бүр олгоно:
-эрэгтэй 60, эмэгтэй 55 түүнээс дээш настай иргэн;
-16 насанд хүрсэн одой иргэн;
-Хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан 16 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн;
-Тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд;
-18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй, өрх толгойлсон 45 насанд хүрсэн эх, 50 насанд хүрсэн эцэг.
Нийгмийн халамжийн тэтгэмж дараах төрөлтэй байна. Үүнд:
-асаргааны тэтгэмж;
-нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэний тэтгэмж;
-онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж.
Асаргааны тэтгэмжийг дараах иргэнд олгоно:
-бүтэн өнчин хүүхдийг үрчлэн авсан болон асран хамгаалж, харгалзан дэмжиж байгаа;
-гэр бүлийн тухай хуулийн 25.5-д заасан болон хүчирхийллийн улмаас сэтгэл санааны болон бие махбодын хохирол хүлээж хамгаалалт шаардлагатай болсон хүүхдийг Гэр бүлийн тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасны дагуу гэр бүлдээ авч асрамжилж байгаа;
-тэжээн тэтгэх хүүхэдгүй, ганц бие ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй ганц бие иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа;
-эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэнийг асарч байгаа.
Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэний тэтгэмж:
-Үндэсний статистикийн хороо, нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран баталсан аргачлалын дагуу өрхийн мэдээллийн нэгдсэн санд орсон, амьжиргааны түвшин нь тухайн үеийн ядуурлын шугамаас доогуур өрхөөс сонгогдсон өрхийн гишүүн-иргэнд сар бүр олгоно.
Онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж:
-гэнэтийн аюул, осол, урьдчилан төсөөлөх боломжгүй бусад шалтгаанаар гэр оронгүй, гэр орон нь цаашид амьдрах боломжгүй болсон болон амьжиргааны эх үүсвэрээ алдсан өрх /нэг удаа/;
-18 нас хүрээгүй байхдаа бүтэн өнчин болсон 18-24 насны иргэн /нэг удаа/;
-хорих ангиас суллагдсан өөрийн гэсэн гэр оронгүй, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн /нэг удаа/;
-нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай, дөрөв ба түүнээс дээш 18 хүртэлх насны хүүхэдтэй, гэр оронгүй, өрх толгойлсон эцэг, эх /нэг удаа/;
-хоёр ба түүнээс дээш ихэр хүүхэд төрүүлж эсэн мэнд өсгөж байгаа өрх, иргэн /нэг удаа/;
-байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэл насны хүүхдэд Засгийн газраас тогтоосон тухайн үеийн нийгмийн халамжийн тэтгэвэртэй тэнцүү хэмжээний тусламжийг /сард нэг удаа/;
-байнгын асаргаа шаардлагатай 16 ба түүнээс дээш насны иргэн /улиралд нэг удаа/;
-“Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одон, эсхүл “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонтой эх мөнгөн тусламж давхардуулахгүйгээр /жил нэг удаа/.
Тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох өргөдөл гаргах, шийдвэрлэх хугацаа: Тэтгэвэр, тэтгэмж тогтоолгон авахыг хүссэн иргэн холбогдох баримт бичгийг бүрдүүлж, өргөдлийн хамт сум, хорооны нийгмийн ажилтанд өгнө. Сум, хорооны нийгмийн ажилтан тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох өргөдлийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлүүлнэ.
Тэтгэвэр, тэтгэмж олгох: Нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага тэтгэвэр, тэтгэмжийг банкаар дамжуулан олгох бөгөөд иргэн хүсэлт гаргасан тохиолдолд иргэний хадгаламжийн дансанд нь шилжүүлж болно. Тэтгэвэр, тэтгэмж авагч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрөө хүсэлт гаргавал улиралд олгох тэтгэвэр, тэтгэмжийг тухайн улирлын эхний сард бөөнөөр нь олгож болно. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийн биеэр ирж тэтгэвэр, тэтгэмжээ авах боломжгүй иргэний тэтгэвэр, тэтгэмжийг түүний итгэмжлэгдсэн иргэнд, эсхүл нийгмийн халамжийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан гэрт нь хүргэж өгнө. 16 хүртэлх насны хүүхдэд олгох тэтгэвэр, тэтгэмжийг эцэг, эх, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь олгоно.
Тэтгэвэр, тэтгэмжийг зогсоох, түүнээс суутгал хийх: Тэтгэвэр, тэтгэмж авагч хуурамч бичиг баримт бүрдүүлж тэтгэвэр, тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол уг тэтгэвэр, тэтгэмжийн олголтыг зогсоож, үүний улмаас илүү олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг нөхөн төлүүлэх тухай шүүхийн шийдвэр, эсхүл улсын байцаагчийн шийдвэр гарсан бол суутгал хийж болно. Суутгалын хэмжээ нь сарын тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээний 50 хувиас хэтэрч болохгүй бөгөөд бусад тохиолдолд тэтгэвэр, тэтгэмжээс суутгал хийхийг хориглоно.
Нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага, ажилтны гаргасан алдааны улмаас илүү олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг буцаан суутгахгүй бөгөөд хохирлыг шүүхийн журмаар буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ.