НОТАРИАТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурал 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр баталсан.
Энэхүү хуулиар нотариатын үйл ажиллагаа эрхлэх этгээдэд хуульчийн сонгон шалгаруулалтад орж тэнцсэн байх шалгуурыг тогтоож, нотариатч нь хуульч болж үүнтэй холбогдуулан хууль зүйн үргэлжилсэн сургалтад жил бүр хамрагдаж, тогтоосон багц цагийг хангаж байх, нотариатын шинэ төрлийн үйлдэл болох “үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах, хадгалах, бусдад шилжүүлэх” асуудлыг нарийвчлан зохицуулах, нотариатын үйл ажиллагаа эрхлэх нотариатчийн насны дээд хязгаар 70 нас байх, нотариатч мэдээллийн цахим сан бүрдүүлэх, цахим мэдээллийн санд мэдээллийг хүлээн авах, хадгалах, ашиглах журам, нотариатчийн бүрдүүлсэн баримтыг төрийн болон холбогдох архивд шилжүүлэх, хадгалах журмыг Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах, нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэгч албан тушаалтан хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс олгосон дугаар бүхий тогтоосон загварын дагуу үйлдсэн тамга, баталгааны тэмдэг хэрэглэх, нотариатчийн ажлын байранд нэг тойргийн хоёроос илүүгүй тооны нотариатчид хуулийн этгээд байгуулахгүйгээр, гэрээний үндсэн дээр хамтран ажиллаж болохоор, нотариатчийн үүрэг гүйцэтгэгч албан тушаалтнуудын гэрчлэх нотариатын үйлдлийг тодорхой хязгаартай болгох, тэдгээрийг сургах, давтан сургах, нотариатч үзүүлсэн үйлчилгээ, үйлчилгээний хөлс, тээврийн зардлын хэмжээг тусгасан төлбөрийн баримтыг үйлчлүүлэгчид олгодог болох, энэ талаарх тайлан мэдээг холбогдох байгууллагад гаргаж өгдөг байх зэрэг асуудлыг хуульд шинээр тусгаж, холбогдох заалтуудыг өөрчлөн найруулж хуульчилсан байна.